OpenAI компани Oracle-тай 300 тэрбум долларын гэрээ байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 11 /WSJ/. "ChatGPT"-г хөгжүүлэгч Америкийн “OpenAI” компани хиймэл оюуныг хөгжүүлэх зорилгоор тооцоолох хүчин чадал худалдан авах тухай 300 тэрбум ам.долларын гэрээг “Oracle” корпорацтай таван жилийн хугацаатай байгуулсан тухай “The Wall Street Journal” (WSJ) сонинд эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, "Oracle" компанийн шинэ орлогын ихэнх хэсэг нь “OpenAI”-тэй байгуулсан гэрээтэй холбоотой ажээ. Энэхүү гэрээний үнийн дүн нь “OpenAI”-гийн одоогийн орлогоос хэд дахин давсан бөгөөд үүлэн тооцооллын салбарт урьд өмнө хийгдэж байсан хамгийн том хэлцлүүдийн нэгд тооцогдож байна. Мөн ийм хэмжээний дата төвийг ажиллуулахад 4.5 гигаваттын хүчин чадал шаардлагатай бөгөөд энэ нь ойролцоогоор 4 сая айлын цахилгааны хэрэглээтэй тэнцэх ажээ.
“Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон компанийнх нь хувьцаа огцом өссөний дараа хөрөнгийнхөө хэмжээгээр Илон Маскийг ардаа орхиж, анх удаагаа дэлхийн хамгийн баян хүн болсон тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Л.Эллисоны хөрөнгө нэг өдрийн дотор 101 тэрбум ам.доллароор өсөж, 393 тэрбум ам.долларт (И.Маскийнх 385 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна) хүрсэн байна. Энэ нь "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексийн түүхэнд нэг өдрийн дотор хамгийн их хэмжээгээр өссөн үзүүлэлт болжээ.
“Oracle”-ын хувьцааны үнэ өссөн шалтгаан нь 2026 оны санхүүгийн жилийн эхний улирлын компанийн санхүүгийн тайлан байв. Тайлангаас үзвэл, тус компанийн орлого 12 хувиар өсөж 14.9 тэрбум ам.долларт хүрсэн бол гэрээ хэлэлцээрүүдээр хүлээсэн үүргийн багцын хэмжээ (RPO) 359 хувиар өсөж 455 тэрбум ам.доллар болсон байна. Энэ өсөлт нь “Oracle” үүлэн платформ дээр хиймэл оюуны сургалтын хэдэн тэрбум ам.долларын гэрээ байгуулсантай холбоотой ажээ.