Эр-Рияд хотод "Цөлийн Давос" эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЭР-РИЯД, 2025 оны аравдугаар сарын 29 /KAZINFORM/. Өчигдөр Саудын Арабын
нийслэл Эр-Рияд хотноо эхэлсэн Future Investment Initiative (FII9) олон улсын
хөрөнгө оруулалтын 9 дүгээр чуулга уулзалт “Хөгжил цэцэглэлтэд хүрэх түлхүүр”
уриан дор явагдаж байна.
Чуулганд оролцож буй улс орнуудын
удирдагчид, хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид дэлхийн эдийн
засгийн хамтын ажиллагааны шинэ загварууд, төр-хувийн хэвшлийн түншлэлд
технологийн үзүүлэх нөлөөллийн тухай асуудлуудад гол анхаарлаа хандуулжээ.
Эр-Рияд хотын Абдулазиз хааны
нэрэмжит хэвлэлийн төвд болж буй уг форумд Хятадын дэд ерөнхийлөгч Хан Жэн,
Сирийн түр ерөнхийлөгч Ахмед аш-Шараа, Д.Трампын хүү болон Америкийн Goldman
Sachs, JP Morgan, BlackRock зэрэг хөрөнгө оруулалтын компаниудын захирлууд оролцож
байна.
Саудын Арабын Төрийн хөрөнгө
оруулалтын сангийн захирал бөгөөд Saudi Aramco компанийн ТУЗ-ийн дарга Ясир
ар-Румайян форумыг нээж үг хэлэхдээ, өнгөрсөн 10 жилийн хугацаанд FII-гийн
талбараар дамжин нийт 250 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хэлэлцээрүүд
байгуулагдсаныг онцлон тэмдэглэлээ.
Дэлхийн эдийн засаг технологийн
эрчимтэй хөгжлийн үе шатыг туулж байгаа энэ үед түншлэл ба харилцан хариуцлага
хүлээх зарчимд суурилсан олон улсын хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгохыг
тэрбээр уриалжээ.
Түүний үзэж байгаагаар, дэлхийн
эдийн засгийн цар хэмжээ 111 их наяд доллароос давж, улам өссөөр байгаагийн
зэрэгцээ хувь хүмүүсийн хүлээлт ба ирээдүйн талаарх хамтын нийтлэг төсөөллийн
хоорондох ялгаа хадгалагдсаар байна. Нийт хүмүүсийн 66 хувь амьдралдаа сэтгэл
хангалуун байгаа бол ердөө гуравны нэг нь дэлхий дахины хэтийн төлвийг өөдрөгөөр
харж байгаа ажээ.
Ар-Румайян цааш нь хэлэхдээ, технологийн
дэвшлийн үр дүн нь бүх улс оронд ижил хүртээмжтэй байх аваас тэгш бус байдлыг
даван туулах хэрэгсэл болж чадна гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, хиймэл
оюун ухааны хүрээ тэлж байгаа нь харилцан адилгүй боломж бүхий нийгмийн бүлгүүдийн хоорондох боловсролын түвшний ялгаа ихсэх вий гэсэн зовнилыг төрүүлж байна.
Тэрбээр мөн Саудын Арабын угсаа залгамжилсан
хунтайж бөгөөд Ерөнхий сайд Мухаммед бин Салманы удирдлага дор Vision 2030
хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд амжилт олж байгааг дурдав. Тус улсад шинэ хотууд
байгуулагдаж, нийлүүлэлтийн инновацийн сүлжээнүүд бий болж, гадаадын хөрөнгө
оруулалт 24 хувиар өсөж 31,7 тэрбум долларт хүрчээ.
Ulaanbaatar