Алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-10 11:13:54

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Anadolu/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ оны эцэс гэхэд бодлогын хүүгээ нийт 75 суурь нэгжээр бууруулж магадгүй гэсэн таамаглал гарсан, мөн ам.долларын ханш суларснаас үүдэн унц алтны үнэ 3600 ам.доллар давснаар түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ.


Тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл, бодлогын хүүг бууруулах магадлал бий болсон энэ үед аюулгүй найдвартай актив гэгдэх алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөнөөр АНУ-ын өрийн хэмжээ 37 их наяд ам.доллароос давжээ.


Тодруулбал, мягмар гарагт унц алтны үнэ 0.5 хувиар өсөж, 3651.96 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр сүүлийн долоо хоногт үнэ нь 5 орчим хувиар өсжээХөрөнгө оруулагчид бодлогын хүү буурна гэж таамаглан алтыг түлхүү худалдан авах болсон байна. Алтны үнэ өнгөрсөн онд 27 хувиар өссөн бол өнгөрсөн сард 9 хувиар, энэ онд 38 хувиар өслөө.


Үүнээс гадна мөнгөний үнэ алттай зэрэгцэн түүхэн дээд үзүүлэлтэд хүрч,  2011 оноос хойш анх удаа унц нь 40 ам.долларыг давж, 41.36 ам.долларт хүрчээ. Ийнхүү он гарснаас хойш 40 хувиар өссөнөөр алтны үнийн өсөлтийг давсан байна.


Зарим хөрөнгө оруулагч алтыг АНУ-ын бондоос илүү найдвартай гэж үзэж байгаа нь үнэ нь өсөхөд нөлөөлсөн бөгөөд энэ сард ХНС бодлогын хүүгээ бууруулах магадлал өндөр байна. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдийг харгалзан энэ оны 9, 10, 12 дугаар саруудад бодлогын хүүг гурван удаа буюу нийт 75 суурь нэгжээр бууруулна гэж шинжээчид таамаглаж байгаа юм. АНУ-ын 37 их наяд ам.долларын өрийн хүү тус улсын цэргийн зардлаас давж байгаа нь хөрөнгө оруулагчдыг найдвартай активуудыг хайхад хүргэж байна.

 


 

関連ニュース