“Рио Тинто” групп “Чайналко”-той хэлэлцээ хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-24 17:45:36

ЛОНДОН, 2025 оны аравдугаар сарын 24 /Mining/.Рио Тинто” групп Хятадын төрийн өмчит “Чайналко” компанитай хөрөнгийг хувьцаагаар солилцох асуудлыг хэлэлцэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Ингэснээр дэлхийн хоёр дахь том уурхайн тус компани дахь “Чайналко” компанийн эзэмшдэг хувьцааг 11 орчим хувь хүртэл буурах магадлалтай байна.


Энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд “Ройтерс” агентлагт  мэдээлснээр, уг тохиролцооны дагуу “Чайналко” компани “Рио Тинто” дахь хувьцааныхаа зарим хэсгийг тус компанийн гол хөрөнгүүдээр солих ажээ. Энэхүү алхам нь “Рио”-д хувьцаагаа эргүүлэн худалдаж авах ажлыг дахин эхлүүлэх, нарийн төвөгтэй өмчлөлийн бүтцээр хязгаарлагдсан шинэ стратегийн хэлэлцээрүүдийг хийх боломжийг олгож магадгүй байна.


“Рио Тинто” болон “Чайналко”-гийн зүгээс тайлбар өгөөгүй байна. Хятадын уул уурхайн компани анх 2008 онд давхар бүртгэлтэй тус компанийн Лондонд бүртгэлтэй салбар болох “Rio Tinto Plc”-гийн 15 орчим хувийн хувьцааг худалдаж авчээ. Уг худалдан авалт нь Австралийн Засгийн газрын хатуу нөхцөлтэй хийгдсэн бөгөөд үүнд хувьцаагаа зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэхийг хориглох, удирдах зөвлөлд төлөөлөлгүй байх зэрэг шаардлагууд багтжээ.


Санал болгож буй хөрөнгө солилцоо нь удаан хугацааны турш үргэлжилж буй удирдлагын бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэхэд тусалж магадгүй байна. Талуудын хэлэлцэх магадлалтай төслүүдийн дунд Гвиней дэх “Рио”-гийн асар том Симанду төмрийн хүдрийн орд байгаа бөгөөд уг төслийн 75 хувь нь Хятадын эзэмшилд байдаг. Мөн Монгол дахь Оюутолгой зэсийн уурхай багтаж байгаа ажээ.


Өөр нэг хийгдэх боломжтой солилцоо бол “Rio”-гийн титаны бизнес байж магадгүй байна. Уг бизнес нь шинэ гүйцэтгэх захирал Саймон Троттын өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг юм. “Рио”-гийн төмрийн хүдрийн группийг удирдаж байсан С.Тротт наймдугаар сард шинэ албан тушаалдаа орсныхоо дараа компанийг төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан-литийн гэсэн гурван үндсэн нэгж болгон үйл ажиллагааг оновчтой болгохын тулд шинэчлэл хийж байгаа юм.

関連ニュース