Цахим халдлага Их Британийн эдийн засагт 2.5 тэрбумын хохирол учруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-22 17:23:48

ЛОНДОН, 2025 оны аравдугаар сарын 22 /Reuters/. Энэтхэгийн Tata Motors компанийн эзэмшдэг “Jaguar Land Rover” компани наймдугаар сард цахим халдлагад өртсөн нь Их Британийн эдийн засагт 1.9 тэрбум фунт стерлингийн /2.55 тэрбум ам.доллар/ хохирол учруулж, тус улсын 5000 гаруй байгууллагад нөлөөлсөн гэж цахим аюулгүй байдлын байгууллага лхагва гарагт нийтэлсэн тайландаа дурджээ. 


Их Британийн Цахим аюулгүй байдлын үндэсний төвийн /NCSC/ дарга тэргүүтэй салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн, ашгийн төлөө бус бие даасан байгууллага болох Цахим хяналтын төвөөс /CMC/ гаргасан тайланд бичсэнээр, компанийн үйлдвэрлэлийг цахим халдлагын өмнөх түвшинд хүргэж сэргээхэд гэнэтийн саатал гарсан тохиолдолд хохирлын хэмжээ улам ихсэх ажээ.


“Энэ хэрэг явдал нь Их Британид болсон эдийн засгийн хувьд хамгийн их хохирол учруулсан цахим халдлага болсон бололтой. Санхүүгийн нөлөөллийн дийлэнх нь JLR болон түүний ханган нийлүүлэгчдийн үйлдвэрлэлийн алдагдалтай холбоотой” гэж CMC-ийн тайланд бичсэн байна.


JLR нь халдлагын улмаас ойролцоогоор зургаан долоо хоногийн турш үйлдвэрлэлээ зогсоосны дараа энэ сарын эхнээс сэргээж эхэлсэн юм. Тансаг зэрэглэлийн авто машин үйлдвэрлэгч тус компани Их Британид гурван үйлдвэртэй бөгөөд өдөрт 1000 орчим машин үйлдвэрлэдэг.


Уг цахим халдлага нь энэ онд Британийн томоохон компаниудын өртсөн томоохон хэмжээний халдлагуудын нэг байв. Тухайлбал, жижиглэн худалдааны “Marks & Spencer” компани энэ оны дөрөвдүгээр сард халдлага өртсөний улмаас цахим үйлчилгээгээ хоёр сарын турш зогсоосноос үүдэн 300 сая фунт стерлингийн /ойролцоогоор 400 сая ам.доллар/ алдагдал хүлээсэн байна.

 


関連ニュース