Богдхан уулыг тахина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-09-09 17:15:56

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна.


Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг Цэцээ гүний тахилгат овоонд хийх юм.


Ташрамд дурдахад, Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос тахиж ирсэн уламжлалтай. Түүхэн энэ уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын тогтоолоор дархан цаазат уул, Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж байгаа билээ. 



Богдхан уул нь Төв аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсэрт оршдог, Хэнтийн нурууны ай савд багтдаг түүхэн тахилгат, дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. Хэнтийн нурууны ай савд багтдаг  ч гол нуруудаас саланги оршдог. Өндрийн болоод уулархаг хотгор гүдгэрийн нөлөөгөөр ой, тайгын ландшафт голлох байр эзэлж, монгол орны ойн тархалтын хамгийн өмнөд зах нь болдог. Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн заагт оршдог. Тус ууланд таг, уулын тайга, ой, хээр, хуурай хээр зэрэг бүслүүрлэг хэв шинжээс гадна бүслэг шинжтэй умардын хуурай хээр, бүсийн бус татмын нуга тус тус тархжээ. Богдхан ууланд урт, богино 40 шахам ам байдаг аж. 

関連ニュース