БНСУ-ын Юхан групп “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хамтран ажиллах тухай санамж бичигт БНСУ-ын “Юхан” группын Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Жу Үг Жэ, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (АФОЦО)-ын тэргүүн Пак Жон Ху болон Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөн ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Болдбаатар нар есдүгээр сарын 8-ны өдөр Сөүл хотноо гарын үсэг зуржээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь түймэрт сүйдсэн ойг нөхөн сэргээхээр төлөвлөж байна.
“Юхан” группын охин компани болох “Юхан кембэрли” Сэлэнгэ аймгийн “Тужийн нарс” ойг нөхөн сэргээсэн туршлагатай бөгөөд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд 2024 оны есдүгээр сард БНСУ-ын эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 100 гаруй жилийн түүхтэй, томоохон компаний нэг болох “Юхан” группт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хамтран ажиллах саналыг уламжилж байжээ.