Ойн санд хөнөөлт шавж, өвчний судалгаа хийж биобэлдмэл цацлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-09-05 11:03:20

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгөөр “Ойжуулалтын хөтөлбөр” хэрэгжүүлж, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймагт ойн хөнөөлт шавж, өвчний судалгааг хийж, голомтыг хязгаарлахаар биобэлдмэл цацаж байна.


Завхан аймгийн ойн сан бүхий 11 сумын 160 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны хийхэд хөнөөлт шавж 110 мянган га талбайд тархжээ. Голомт үүссэн 72.1 мян.га талбайгаас энэ онд 26 мян.га-д голомтыг нь хязгаарлахаар сонгомол үйлчилгээтэй микробиологийн 78 мян.литр биобэлдмэл цацлаа.


Баянхонгор аймгийн ойн сан бүхий 7 сумын 196.3 мян.га талбайд хийсэн судалгаагаар хөнөөлт шавжийн тархалттай 26.3 мян.га, голомт үүссэн 10.8 мян.га, устгал зайлшгүй хийх 9.8 мян.га талбай байв. Үүнээс энэ онд 12.3 мян.га талбайн голомтыг хязгаарлахаар микробиологийн 36.9 мян.литр биобэлдмэл ашиглажээ.



Мөн Говь-Алтай аймгийн ойн сан бүхий 5 сумын 38.3 мян.га талбайд хийсэн судалгаагаар хөнөөлт шавжийн тархалттай 8 мян.га, голомт үүссэн 3 мян.га, тэмцэл зайлшгүй хийх 2.5 мян.га талбай тогтоолоо. Энэ онд 2.5 мян.га талбайд голомтыг нь хязгаарлах ажилд микробиологийн 7.5 мян.литр биобэлдмэл шүршжээ.


Ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох судалгааны дүнг улсын хэмжээнд нэгтгэн голомтыг хязгаарлах ажлыг төлөвлөхдөө тухайн аймаг, сумын ойн санд тархсан хөнөөлт шавжийн төрөл, зүйлийг тодруулж, тэдгээрийн биологи, экологийн онцлогт тохирсон тэмцлийн арга хэлбэрийг сонгон хэрэглэдэг юм.



関連ニュース