Сагсан бөмбөгийн U16 насны хөвгүүдийн ААШТ өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-08-31 10:33:59

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 16 хүртэлх насны хөвгүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.


Манай улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй тус тэмцээнд Ази тивийн шилдэг 16 баг өрсөлдөх тус тэмцээнд Монголын өсвөрийн шигшээ баг анх удаа оролцох юм. Тэд БНХАУ, БНСУ, Малайзын багтай “С” хэсэгт багтжээ. Манай хөвгүүд өнөөдөр нээлтийн тоглолтоо 18:40 цагт Азийн хамгийн хүчтэй багуудын нэг, энэхүү тэмцээний гурван удаагийн аварга Хятадын шигшээтэй хийх хуваарьтай байна. Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо тус тэмцээнд нэг түрүүлсэн Солонгостой маргааш хийх бол ирэх сарын 2-нд Малайзын шигшээтэй тоглоно.


Уг тэмцээнд түрүүлсэн баг ирэх жил болох 17 хүртэлх насны ДАШТ-д оролцох эрх авах юм.  Тус тэмцээн нь залуу тамирчдад ур чадвар, нөөц бололцоогоо олон улсын тавцанд харуулах чухал боломж гэдгээрээ онцлогтой. U16 насны ААШТ-д БНХАУ, Австралийн баг тус бүр гурав, БНСУ-ын шигшээ нэг удаа түрүүлж байжээ. 


Өнөөдөр болох тоглолтын хуваарийг танилцуулъя.

 

11:10 цагт: Австрали-Бахрейн

                   Иран-Саудын Араб

13:40 цагт: Ливан-Энэтхэг

                    Япон-Казахстан

16:10 цагт: Шинэ Зеланд-Индонез

                   БНСУ-Малайз

18:40 цагт: Филиппин-Тайвань

                    Монгол-БНХАУ

Жич: Дээрх тоглолтуудыг “Премьер спортс нэтворк” телевизийн гурав болон дөрөвдүгээр сувгаар шууд дамжуулах юм байна. Хэсгийн тоглолтууд “Эм Банк Арена” болон “Буянт-Ухаа” спортын ордонд зэрэг болно.





関連ニュース