“АПУ” компанийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган замын ажил есдүгээр сард дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-22 10:04:17

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол буюу “АПУ” компанийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх урд хэсгийн явган замын засварын  ажлыг “Люкс Даймонд” компани гүйцэтгэж байна.


Тус компанийн талбайн инженер Ц.Зоригтбаатар ярихдаа, “Манай компани 2.8 км буюу 7.700 ам.метр талбайн явган замын ажлыг “ТАСО” компанийн үйлдвэрлэсэн дотоодын чулуун хавтангаар хийж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээний ажил 60 хувь, хавтан цохилтын ажил 40 хувьтай үргэлжилж, ажлын явц 61 хувьтай байна. Нэг байршилд бүрэн хүчээр дөрвөн бригад ажиллаж, төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 20-нд засварын ажлыг дуусгана. Мөн холбооны сувагчлалыг өргөтгөж “Мэдээлэл Холбооны Сүлжээ”  компани ил кабелийг газар доор шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна” гэв.


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай явган замын ажлыг гүйцэтгэж буй компани барилгын материалаа сонгоно. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын чулуу үйлдвэрлэгчид, Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллахыг уриаллаа.


関連ニュース