Монгол, Германы Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-27 15:58:28

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээг 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.


Энэхүү хэлэлцээ нь Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, үйл ажиллагааг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой юм.


ЭЗХЯ-ны мэдээлснээр, ээлжит хэлэлцээний бэлтгэл ажлын хүрээнд хоёр талын хэсгийн дарга нар уулзаж, хоёр улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн ажлын талаар өнөөдөр мэдээлэл солилцов. Монголын талаас хувийн хэвшлийг дэмжих бодлого, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх үйл ажиллагааны  талаар танилцууллаа.


Германы талаас Монгол Улсын Засгийн газраас хамтын ажиллагаанд баримталж буй байр сууриа танилцуулав. Мөн хэлэлцээний бэлтгэл ажлын явц болон хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй тогтвортой эдийн засгийн хөгжил, дээд боловсрол, биологийн олон янз байдал, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт зэрэг чиглэл дэх хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэв. 


Герман Улс нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хөнгөлөлттэй зээл, тусламж, техникийн туслалцаа үзүүлж ирсэн Европын Холбооны тэргүүлэгч хөгжлийн түнш орнуудын нэг юм. Энэхүү Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээг хоёр жил тутамд хийж гүйцэтгэдэг. Өмнөх хэлэлцээний үеэр Германы Засгийн газар хоёр талын хамтын ажиллагаанд түүхэн дээд хэмжээний буюу 78 сая еврогийн санхүүжилт олгож, Глобал сантай хамтран Монгол Улсыг “Debt2Health” хөтөлбөрт хамруулж, Германд эргэн төлөх байсан 29 сая хүртэлх еврогийн зээлийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт халдварт өвчний эсрэг төсөл хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлсэн нь хамтын ажиллагааны шинэ түвшнийг илэрхийлж байв.


ХБНГУ нь Монгол Улстай стратегийн түншлэлийг байгуулсан анхны Европын улс юм. Цаашид энэхүү түншлэлийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалтын эргэлтийг нэмэгдүүлэх харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр талууд санал нэгдлээ.


 Хэлэлцээг Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн хэлтсийн дарга Яннис Неопиту нар ахлан оролцох ажээ. 



 

関連ニュース