Отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталжээ. Үүнд, өвөл, хаврыг хүндрэл бага даван туулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах, улсын хэмжээнд шаардлагатай улаанбуудай, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээлийн хэрэгцээ, хангамжид үндэслэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын зохистой харьцааг хангах талаар ямар арга хэмжээ авах тухай тусгажээ.
Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах,
махны экспортыг нэмэх үндэсний үйлдвэрүүд, холбогдох төрийн бус
байгууллагатай хамтран ажиллах, отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, малчин өрхийн хүүхдийг цэцэрлэг,
ерөнхий боловсролын сургуульд хамруулах, дотуур байраар хангах үүрэг, чиглэл өгчээ.