Энэтхэгт мөнгөөр тоглодог цахим тоглоомыг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 20 /Reuters/. Энэтхэгийн засгийн газар мөнгөөр тоглодог цахим тоглоомуудыг хориглохоор төлөвлөж байгааг мягмар гарагт өргөн барьсан хуулийн төсөл тодорхой харуулсан бөгөөд олон тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг салбарт хүнд цохилт болох төлөвтэй байна.
Цахим
тоглоомыг сурталчлах, зохицуулах
тухай хуулийн төсөлд ийм төрлийн тоглоомын улмаас сэтгэл зүйн болон санхүүгийн хохирол
учирч болзошгүйг дурдаад, хэн ч цахим
мөнгөтэй тоглоом болон ийм үйлчилгээг санал болгох, тусалж дэмжих, өдөөн хатгах,
өөгшүүлэх эсвэл өөр хэлбэрээр оролцох ёсгүй гэж заажээ.
Одоогоор олон нийтэд ил болоогүй байгаа 13 хуудас хуулийн төсөлд цахимаар мөнгө олох тоглоомыг "мөнгө болон бусад хэлбэрээр
баяжихын тулд мөнгө байршуулах замаар тоглодог тоглоом" хэмээн тодорхойлсон байна. Энэтхэгийн ийм төрлийн тоглоомын зах зээлийн багтаамж 2029 он гэхэд 3.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж венчур капиталын “Lumikai” фирм тооцоолжээ.
Энэтхэгийн шилдэг крикет тоглогчдын дэмжлэг болон бусад төрлийн маркетинг хийснээр “Dream11”, “Mobile Premier League” гарааны компаниудын крикет тоглоом зэрэг
мөнгөөр тоглодог тоглоомын аппликейшнүүдийг сонирхох нь асар ихээр нэмэгдсэн байна. “Dream11” компани 8 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа бол “Mobile Premier League” нь 2.5 тэрбум доллараар үнэлэгдэж
байгааг “PitchBook” фирмийн мэдээллээс харж болно.
Харин Энэтхэгийн эрх баригчид ийм тоглоомууд хэрхэн донтуулдаг тал дээр санаа зовнисоор иржээ. Хуулийн төслийг боловсруулсан Энэтхэгийн мэдээллийн технологийн яамнаас тодруулга хүсэхэд одоогоор хариу өгөөгүй байна. “MPL”, “Dream11” компаниуд мөн тайлбар өгөхөөс татгалзжээ. Хуулийн төсөлд, мөнгөөр тоглодог тоглоом тоглохыг санал болгосон этгээдэд гурван жил хүртэл хорих ял, торгууль ногдуулахаар заасан байна. “Ийм төрлийн тоглоомууд ихэвчлэн манипуляцийн шинжтэй дизайн, донтуулдаг алгоритмуудыг ашигладаг бөгөөд санхүүгийн сүйрэлд хүргэхүйц донтолтод автуулдаг” гэж хуулийн төсөлд дурджээ.