Тансаг зэрэглэлийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 6.6 сая төгрөг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал /ҮХЭХЗ/-ын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн тайланд энгийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 3.8 сая, тансаг зэрэглэлийнх нь 6.6 сая төгрөг байна.
Эдгээр байгууллагын худалдсан,
худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн (ҮХЭХ)-ийн талбайн 82.5 хувийг газар, 14.8
хувийг орон сууц, 1.7 хувийг арилжааны , 1 хувийг зориулалтай, үйлдвэрлэлийн
зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулсан үнийн дүнгийн 87.7 хувийг орон сууц эзэлжээ. Борлуулсан орон сууцны хувьд 50-иас доош м.кв бүхий нь 20 хувийг, 51-100 м.кв хүртэлх нь 45.1 хувийг, 101-ээс 200 м.кв хүртэлх нь 20 хувийг, 201 м.кв-аас дээших нь 14 хувийг эзэлж байна.
ҮХЭХЗ-ын байгууллагууд 5466 удаагийн хэлцлээр 2293700
м.кв талбай бүхий ҮХЭХ-ийг 1398.3 тэрбум төгрөгөөр худалдахад зуучилжээ. Энэ нь
2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад талбайн хэмжээ 2.7, үнийн
дүн 10.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Мөн түрээслэх, түрээслүүлэх
үйлчилгээний ҮХЭХ-ийн талбайн 64.9 хувийг орон сууц, 26.3 хувийг арилжааны, 6.2 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХЭХ, 2.6 хувийг газар
эзэлжээ. Түрээслэх, түрээслүүлэхэд зуучлуулсан орон сууцны хувьд 50-иас доош
м.кв бүхий нь 17.1 хувийг, 51-100 м.кв хүртэлх нь 33.5 хувийг, 101-200 м.кв
хүртэлх нь 23.1 хувийг, 201 м.кв-аас дээших нь 25.8 хувийг эзэлсэн байна.
Харин ҮХЭХЗ-ын байгууллагууд
өссөн дүнгээр 3979 удаагийн хэлцлээр 313.3 мянган м.кв талбай, 125.6 тэрбум төгрөгөөр
үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан түрээслүүлжээ. Энэ нь 2024 оны мөн
үеийнхтэй харьцуулахад талбайн хэмжээ 0.3 хувиар багассан бол үнийн дүн 21.7 хувиар нэмэгджээ. ҮХЭХЗ-ын 93 байгууллага 8.6 тэрбум төгрөгийн ашигтай, 129 нь 4.6 тэрбум
төгрөгийн алдагдалтай, 81 нь ашиг, алдагдалгүй ажиллажээ.
ҮХЭХЗ-ын байгууллагуудын 440
хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгө 7.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хувьцаа
эзэмшигчдийн 93.7 хувийг иргэд, 5 хувийг хуулийн этгээд, 1.3 хувийг иргэн,
хуулийн этгээд хамтран эзэмшдэг байна.
Тусгай зөвшөөрөлтэй ҮХЭХЗ-ын 303
байгууллага 2025 оны 2 дугаар улиралд үйл ажиллагаа явуулж байгаа нь өнгөрсөн оныхоос наймаар багасжээ. Салбарын нийт хөрөнгө 225.5 тэрбум төгрөг байгаагийн 167.5 тэрбум нь эргэлтийн, 58 тэрбум төгрөг
эргэлтийн бус хөрөнгө юм.
Эх үүсвэрийн 181.2 (80.4 хувь)
тэрбум төгрөг нь өр төлбөр, 44.3 (19.4 хувь) тэрбум төгрөг нь эздийн өмч бөгөөд нийт хөрөнгийн 71.9 хувийг 15 компани, 28.1 хувийг 288 компани бүрдүүлжээ. Нэг
байгууллага дунджаар 1 брокер, 4 агенттай ажиллаж байна.