ӨВӨРХАНГАЙ: Ногоон дарь эхийг бүтээхэд 1700 гаруй иргэн өргөл өргөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулан аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос Ногоон дарь эхийн зээгт наамал хөргийг урлажээ.
Даян дэлхийн хүн төрөлхтөний сайн сайхан үйлс бүхэн дэлгэрэн бүтэж байхыг бэлгэдсэн Ногоон дарь эхийн бүтээл нь 2 метр өргөн, 3 метр өндөр бөгөөд Өндөр гэгээний дэг сургуулийн дагуу үнэт торгоор хээлэн 328 ширхэг шүр, сувд, оюу, номин шигтгээ, 16 лан алт, мөнгө, зэсээр чимэглэсэн байна. Мөн Хайрхандулаан сумын харьяат, Тод манлай уяач Б.Отгоннасангийн “Дураараа хонгор” морины дэл, сүүлнээс бэлгэдэл болгон оруулжээ.
Соёлын үнэт өв болохуйц уг бүтээлийг 90 гаруй урлаач урлаж, 1700 гаруй иргэн сэтгэлийн өргөл өргөн Өндөр гэгээний Даншиг наадмын шашин номын чуулганаар хүрэлцэн ирсэн, Монголын хүрээ хийдүүдийн хамба тэргүүтэй 270 гаруй лам хувраг аравнай өргөсөн юм. Бүтээлийг аймгийн Музейн сан хөмрөгт бүртгүүлэн хүлээлгэж өгөөд байна.