СЭЛЭНГЭ: Аймгийн Засаг дарга улс, аймгийн төсвөөр хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр Цагааннуур суманд ажиллаж, тус суманд улсын
болон аймгийн төсвийн хөрөнгөөр хийж, хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын
ажлуудтай танилцан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, цаашид хийгдэх
ажлуудад тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
Цагааннуур сум нь газар
тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослон хөгжүүлдэг, 53 мянган га газар
тариалангийн талбай бүхий аймгийн нийт ургацын 50 хувь, улсын нийт ургацын 20
гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг Монгол Улсын тариалангийн томоохон сумдын
нэг.
-Аймгийн дарга тус суманд
ажиллахдаа нэн түрүүнд шинээр барьж байгаа ЕБС-ийн өргөтгөлийн барилгын явцтай
танилцлаа. Өнөөдөр Цагааннуур сумын ЕБС-д 1200-гаад хүүхэд сурч байгаа бөгөөд хүүхдүүд
3 ээлжээр хичээллэх нөхцөл үүсээд байгаа юм. Иймээс энэхүү өргөтгөлийн барилгын
ажлыг шуурхайлахыг тэрээр үүрэг болголоо.
320 хүүхдийн суудалтай уг
барилгын гүйцэтгэгч компани нь “Асуд констракшн” ХХК юм. Улсын төсвийн
4,130,927,547 төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа уг сургуулийн өргөтгөлийн
ажил 2022 оны 6-р сард эхэлжээ. Гэрээ ёсоор өнгөрсөн оны 8 сард хүлээлгэн өгөх
байсан ч гүйцэтгэгч талын ажлын удаашралаас үүдэн 2025 оны 12 сард ашиглалтад өгөхөөр
гэрээг сунгасан байна. Гэвч тус барилгын тухайд өнөөдрийн байдлаар хугацаандаа
хүлээлгэн өгөх боломжгүй байгааг аймгийн дарга үзээд сэтгэл дутсан ажил болж байгааг
онцолж байв.
-Аймгийн дарга дараа нь суманд
шинээр барьж байгаа сум дундын Онцгой байдлын аврах салбар бүлгийн барилгын
явцтай танилцлаа. Уг барилгын ажил үндсэндээ дуусах шатандаа 80 хувийн
гүйцэтгэлтэй явж байв. Энэ барилга дуусахаар Онцгой байдлын 20 албан хаагчтай, Түшиг,
Цагааннуур, Зүүнбүрэн сумдыг хариуцсан Онцгой байдлын аврах бүлгийг байгуулах
юм.
Энэхүү барилгыг улсын төсвийн
900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Ажлын гүйцэтгэл
сайтай, хурдан шуурхай, чанартай барьж байгаад аймгийн дарга талархаад паарыг
нь сольж, ширмэн паар тавьж өгөхийг хүслээ. Учир нь тус сумын хувьд цахилгаан
станц бус уурын зуух ажилладаг учраас ирээдүйн чанар, паарны аюулгүй байдалд
нөлөөлнө гэлээ.
-Дараа нь Аймгийн дарга тус
суманд нэн хэрэгцээтэй байгаа газар ухдаг экскаватор трактор, ковш, Хово маркын
самосвалыг сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Эдгээр техникүүд нь аймгийн
төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгөөр ирж байгаа бөгөөд 2025 оны 5, 6, 7 сард
үйлдвэрлэгдсэн цоо шинэ техникүүд юм.
Үүгээрээ тус сумынхан хур хогоо
цэвэрлэх, айл өрхүүдэд инженерийн шугам татах, зам засах, гудамж талбайг цэвэрлэж,
сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ хэмээн аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Ц.Баянбаатар хэллээ.