Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд "онцлох" шинэчлэл хийж, “hybrid” буюу хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрээ "Монголын төмөр зам" ТӨХК албан ёсоор хүлээн авлаа.
Энэ нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа 2014 онд дуусан, хадгалж байсан 2ТЭ116-2001 загварын зүтгүүр юм. БНХАУ-ын болон "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Зүтгүүрийн аж ахуйн хэлтсийн инженер, техникийн ажилчид нэг жилийн хугацаанд хамтран иж бүрэн шинэчилж, орчин үеийн хосолсон хөдөлгүүрийн системээр тоноглосон байна. Тус зүтгүүр нь 440 Kв чадалтай 2 ширхэг батарей хөдөлгүүр, 400 Kв чадалтай 2 ширхэг дизель хөдөлгүүрээс бүрдэж, нийт 1680 Kв чадлыг гаргадаг. Дизель хөдөлгүүрийг нь ашиглахгүйгээр батарей хөдөлгүүрээр бүрэн ажиллах боломжтойгоороо онцлогтой юм.
Шинэчилсэн “ECO” зүтгүүр нь түлш зарцуулалтыг 60-70 хувиар багасгахын зэрэгцээ хорт утаа ялгаруулдаггүй, байгальд ээлтэй ногоон технологи бөгөөд эдийн засгийн үр ашигтайг “Монголын төмөр зам” компани мэдээлэв.