УИХ: Зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-13 07:55:35

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд зээлдэгчийн мэдээллийг мэдээллийн санд төвлөрүүлдэг хэдий ч уг мэдээллийг ашиглах, зээлжих чадварт үнэлгээ хийх, онооны аргачлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зэрэг зохицуулалтгүй явж ирсэн.


Иймд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зээлдэгчийн зээлжих чадвар, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох, зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах, энэ хуульд зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгаад буй.


Хууль батлагдсанаар иргэд зээлийн оноогоо мэддэг, түүнийгээ нэмэхийн тулд хугацаандаа төлбөрөө төлдөг соёлд суралцах, бизнес санхүүгээ сайн төлөвлөдөг болох, сахилга хариуцлагаа дээшлүүлэх, түүнчлэн зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд алдаатай мэдээлэл орсон бол тухай бүрд нь залруулах, бусад эрсдэлтэй үйлдлээс сэргийлэх боломж бүрдсэн юм


Зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компани, яам агентлагийн дэргэдэх сан, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг бөгөөд энэ оны байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

関連ニュース