Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадаас хос хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Манай сурагчид БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 2-9-нд болсон Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпидаас хос медаль хүртэв.
Тус
олимпиадад 61 улсын 284 сурагч оролцож, хоёр өдрийн туршид машин сургалт, хиймэл оюуны зургаан
бодлогыг бодож оюун ухаанаа уралдуулан өрсөлдөв. Манай улсаас хоёр
багийн найман сурагч оролцсоноос нийлбэр оноогоор сурагч Ү.Эрхэс тусгай байрт
шалгарсан бол Ч.Ирмүүн, С.Хангэрэл нар хүрэл медалийн болзол хангасан байна.
Оролцогчид дан ганц бодлого бодохоос гадна олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож амьдралд тулгардаг асуудлуудыг хэрхэн шийддэг талаар мэдлэгтэй болсон. Түүнчлэн олимпиадын тооцооллын дэд бүтэц буюу GPU-г хэрхэн үр бүтээлтэй ашиглах нь тэдний ур чадварыг ихээхэн сорьж байсныг онцлов.
Энэ удаагийн олимпиадын оролцогчид өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн оролцогчид БНХАУ-ын технологи, шинжлэх ухааны паркуудаар зочилж, Цинхуа, Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн илтгэлийг сонирхов. Мөн олон улсын 40 орчим их сургууль, технологийн компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалтын онцлогийг харуулсан үзэсгэлэнг зохион байгуулжээ.