ЗАВХАН: Хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн хүрээнд ажлаа хийхийг зорьдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-18 19:29:14

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 104, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 103 жилийн ой тохиож байна.


Эх орныхоо сүлдэнд залбиран эх орон, иргэдийнхээ өдөр бүрийн амгалан тайван байдал, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг хүлээсэн Завхан аймгийн нийт алба хаагчдын 30 гаруй хувь нь эмэгтэй алба хаагч юм.


Тэдний нэг нь Завхан аймгийн Цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Будхүү юм.


-Цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж байна вэ?
-Анх 2012 онд цагдаагийн байгууллагад дэд ахлагч цолтой ажлын гараагаа эхэлж байлаа. 

Цагдаагийн албанд ажиллана гэдэг бол гайхалтай бахархалтай зүйл.

Энэ ажлыг би хийхгүй бол өөр хэн хийх бэ, гэдэг ойлголтыг ухамсарласан хүн л хийнэ. Тийм учраас хүсэж, дурлаж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна. Тэвчээр хатуужилтай, шударга цэгцтэй, ёс зүйтэй ажиллахыг өдөр бүр хичээж, өөртөө шаардлага тавьдаг даа.


-Эмэгтэй хүн цагдаагийн албанд ажиллах хэцүү байдаг уу, бэрхшээлтэй зүйл бий юу?
-Ажлыг ямар өнцгөөс харах вэ гэхээс л шалтгаална. Эмэгтэй учраас илүү уян зөөлөн байх нь давуу тал болох ч, энэ байдал минь бас сул тал болж магадгүй юм.


Тийм ч учраас би хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн хүрээнд ажлаа хийхийг зорьдог.


Цагдаагийн албан хаагч гээд нэг хувь хүн боловч ажлын үр дүн нь, гаргасан шийдвэр нь хамт олныг төлөөлж байдаг учраас хариуцлагатай байх нь л чухал юм.


-Та орон нутагтаа хамгийн анхны таеквондогийн клубийг байгуулсан. Спортын энэ түүхээсээ хуваалцахгүй юу?
-Олон улсын таеквондогийн спортоор 2005 оноос одоо хүртэл тасралтгүй хичээллэж байна. Таеквондогийн спорт сонирхолтой, эрч хүч, тэвчээр хатуужлын спорт. Тиймээс л сонирхож хичээллэж эхэлсэн.


Завхан аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх олон улсын таеквондогийн "Цэцэн шонхор" клубийг үүсгэн байгуулсан. Өнөөдөр шавь нараас минь улс, тив дэлхий, олимпын аваргууд төрөн гарсан нь миний хамгийн том бахархал юм.


Хүн өөрийн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, дуртай зүйлтэй байх их сайхан. Шавь нартаа замыг нь зөв зааж, хаалгыг нь  нээхэд л тэд минь амжилтад хүрэх хүсэл мөрөөдөлтэй болдог.


Тийм учраас л шавь нараараа их бахархдаг. Амжилт хүнийг тосож байхад, алдаа нь отож байдаг. Тиймээс шавь нартай хүн чанартай, хүнээрээ байхыг захиж хэлэх дуртай.


-Танд баярлалаа. 


Багш шавь хоёр 







関連ニュース