ЗАВХАН: Хүүхдүүд дижитал ангид хичээллэх боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Чандмань эрдэнэ сургууль дээр "Smart education" төслийн хүрээнд дижитал анги байгуулжээ.
Мобиком групп тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Smart Education” төслийнхөө тав дахь жилийн хүрээнд энэ жил таван сургуулийг иж бүрэн дижитал танхимтай болгохоор ажиллаж байна.
Энэ төсөл нь Монголын боловсролын салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, сурагчдын сурах орчныг шинэ түвшинд хүргэх зорилготой юм.
Тус төслийн хүрээнд Улиастай сумын ерөнхий боловсролын Чандмань эрдэнэ сургууль дээр 180 сая төгрөгийн өртөгтэй орчин үеийн дижитал анги байгууллаа.
Сургуулийн энгийн танхимыг дижитал танхим болон шинэчилж өгснөөр сурагчид Eduten, Pearson, Medle зэрэг платформыг ашиглан хоцрогдолгүй, үр дүнтэй суралцах боломжтой болж байна.
Танхимд сурагч бүрт зориулсан зөөврийн компьютер, өндөр хурдны интернэт холболт бүрдүүлсэн нь хичээлийн чанарт мэдэгдэхүйц ахиц авчирна гэж үзэж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Smart Education” төсөлд нийслэлийн 6 дүүрэг, орон нутгийн 13 аймгийн нийт 19 сургууль хамрагдаж, 37,000 гаруй сурагч дижитал ангид хичээллэх боломжтой болсон. Мобиком групп энэ онд таван сургуульд дижитал ангийг тохижуулж өгөх юм. Ингэснээр дахин 10,600 гаруй сурагч дижитал танхимд хичээллэх боломж бүрдэж байна. Судалгаагаар дижитал ангид хичээллэж байгаа хүүхдүүдийн хичээлийн ирц 8 хувиар өссөн, олимпиадын оролцоо 4 хувиар нэмэгдсэн. Хичээлийн дундаж үзүүлэлт 6 хувиар сайжирсан, олимпиадын амжилт 3 хувиар ахисан үзүүлэлттэй байна.
Нэг кабинетийг иж бүрэн дижитал танхим болгон тохижуулахад дунджаар 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаарддаг. Тиймээс манай корпораци боловсролын салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаас гадна энэ салбарт анхаардаг бүх байгууллага, хувь хүмүүсийг уг үйл хэрэгт нэгдэж, санаачлагатай оролцохыг уриалж байна хэмээн Мобиком корпорацийн Завхан салбараас мэдээлэв.
Ташрамд ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ сургууль нь 1660 суралцагчтай бөгөөд Eduten, Pearson хөтөлбөрт суралцагчдын 60 гаруй хувь нь хамрагдаж байна. Тус сургуулийн хүүхдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, ээлжийн коэффициент 1.7-д хүрсэн байна.
Дижитал танхимыг хүлээлгэн өгөх үеэр Мобиком корпорацийн удирдлагууд Завхан аймгийн удирдлагууд, Боловсролын газрын дарга, сургуулийн захирлуудын хамтын ажиллагааны уулзалт болов