БАЯН-ӨЛГИЙ: "Дахин амьдруулья" уралдааны хүрээнд 3.5 тн хуванцар, 77.2 кг лааз цуглуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-08 10:03:02

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Хог биш баялаг” ТББ, аймгийн Засаг даргын Тамгын газар болон Байгаль орчны газартай хамтран “Дахин амьдруулья” нэртэй уралдааныг байгаль хамгаалагч нарын дунд зарласан бөгөөд сарын хугацаанд явуулж дүнгээ гаргалаа.


Энэхүү уралдааны зорилго байгаль хамгаалагчдаар дамжуулж иргэдийг байгаль орчноо хамгаалах, дахивар хог хаягдлыг зөв зохистой ангилан ялгах, цуглуулах дадал хэвшилд уриалан дуудахад оршиж байгаа юм.

 

Уралдаанд Бугат, Буянт, Улаанхус, Толбо, Алтанцөгц, Сагсай, Баяннуур зэрэг 8 сумын байгаль хамгаалагч нар идэвхтэй оролцож, нийт 3.5 тонн хуванцар, 77.2 кг лааз цуглуулсан байна.

 

Уралдааны дүнгээр Сагсай сум 1 дүгээр байр, Бугат сум 2 дугаар байр, Буянт сум 3 дугаар байрт тус тус шалгарч, хог пресслэгч машин, мөнгөн шагналаар шагнуулав.

 

Хог хаягдлын менежмент, дахин боловсруулах үйл ажиллагаа нь зөвхөн байгаль орчны төдийгүй эдийн засгийн үр өгөөжтэй салбар болон хөгжиж буй энэ үед ийнхүү нутгийн иргэд, хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлж буй нь чухал ач холбогдолтой юм.

関連ニュース