Наадмын тасалбарыг маргааш өглөөний 07:00 цагаас эхлэн борлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос наадамтай холбоотой мэдээлэл хийлээ.
Энэ үеэр иргэдийн хамгийн ихээр сонирхож буй наадмын тасалбартай холбоотойгоор дараахь мэдээллийг өгөв. Тодруулбал, наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн www.enaadam.mn сайтаар борлуулж эхлэх бөгөөд нэг хүн хоёр л тасалбар авах боломжтой аж. Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдааны тасалбарыг багцаар нь суудлаасаа хамаарч 100000, 1300000, 150000 төгрөгийн үнэтэй худалдаалах юм байна.
Харин долоодугаар сарын 11-ний орой нээлтийн тоглолтыг давтах бөгөөд энэхүү тоглолтын тасалбарыг 80 мянган төгрөгөөр борлуулна. Тасалбарын www.ticket.mn сайтаар маргааш өглөөний 07:00 цагаас эхлэх худалдаалах юм. Энэхүү тасалбарт ямар нэгэн хязгаарт тогтоогоогүйг албаныхан хэллээ. Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад НЗДТГ-аас таван тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөн билетийн орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулах аж.
Нээлт, хаалт буюу
долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг www.enaadam.mn сайтаар захиалах
заавар:
Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга долоодугаар сарын 2-ны 07:00 цагаас eNaadam.mn сайт дээр эхэлнэ. Иймд тасалбар борлуулж эхлэхээс өмнө бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай.
-Хэрэглэгч өөрийн
утасны дугаараар бүртгэл үүсгэнэ. Мөн өнгөрсөн жил бүртгэл үүсгэсэн
хэрэглэгчдийн мэдээллийг eNaadam.mn сайтад хадгалсан.
-Нэг хүн хоёр
тасалбар захиалах боломжтой.
-Захиалах суудлаа
сонгож сагсандаа хийсэн бол 1 цагийн дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой
бөгөөд 1 цаг өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та
захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан
суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг
анхаарна уу.)
-Захиалсан
тасалбараа өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ийн салбар болон гэртээ
хүргүүлэн авах боломжтой.
-Төлбөр төлөх
боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг
байршуулсан.
Нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах заавар:
-Хэрэглэгч өөрийн
утасны дугаар, цахим шуудангийн хаягаараа бүртгэлээ үүсгэн, суудлаа сонгоно.
-Нэг хүн хэдэн ч
тооны тасалбар захиалах боломжтой.
-Бүртгүүлсэн
утасны дугаар, цахим шууданд тань QR код очно.
-Тухайн QR кодыг
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн G18 хаалгаар уншуулан, нэвтэрнэ.