Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Цаг уур орчны шинжилгээний газраас долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.
Баруун
аймгуудын нутгаар. Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн
баруун хэсгээр агаарын дундаж температур ОЖД-аас бага байх аж. Баянхонгорын
өмнөд хагаст ОЖД-аас бороо ахиу орно. Бусад
нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Сарын эхээр зарим газраар дуу
цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар ОЖД-аас сэрүүхэн байна. Цаашдаа
нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо орж, салхи
борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав
хоногийн дунд үеэс ихэнх нутгаар халж, дундаж температур гуравдугаар арав
хоногийн дунд үе хүртэл ОЖД-аас 2-5°С-аар дулаан, гуравдугаар арав хоногийн
сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар сэрүүн байхаар байна.
Төвийн
аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас
дулаан байх аж. Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд
хэсгээр бороо ОЖД-аас ахиу орно. Бусад нутгаар дунджийн орчим байх төлөв
гарчээ. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын аадар бороо, бороо орж,
ихэнх нутгаар сэрүүн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн
болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд бороо орж, салхи
борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав
хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав
хоногийн дунд үеүдэд ОЖД-аас 1-4°С-аар дулаан байх бол гуравдугаар арав
хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ОЖД-аас 1-3°С-аар сэрүүн байх төлөв гарчээ.
Зүүн
аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас
дулаан байх аж. Мөн нийт нутгаар бороо ОЖД-ийн орчим байх төлөв гарчээ Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр
арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар аадар бороо, бороо орж, борооны өмнө
салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн
болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дүнд үеүдэд зарим газраар дуу
цахилгаантай аадар бороо орно. Агаарын дундаж температур нэгдүгээр арав
хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав
хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-5°С-аар дулаан байх аж. Нэгдүгээр
арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД-аас
1-3°С-аар сэрүүн байх төлөвтэй.
Говийн
аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас
дулаан байх аж. Мөн нийт нутгаар ОЖД-аас бороо ахиу орно. Сарын
эхээр ихэнх нутгаар халахаар байгаа. Гэвч нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай
аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэхээр байна. Цаашдаа
хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд
үеүдэд дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын дундаж температур нэг болон
хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД-аас 1-5°С-аар дулаан, гуравдугаар
арав хоногийн сүүлээр ОЖД-аас бага зэрэг сэрүүн байх аж.
Цаг агаарын
үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим
газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш
нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо
хэрэглэдэг.
Уур
амьсгалын тойм
Долоодугаар
сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын
төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд
хэсгээр 8...14°С, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын
ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26°С, бусад
нутгаар 14...20°С дулаан байдаг.
Агаарын дундаж
температур долоодугаар сард сүүлийн жилүүдэд хэлбэлзэл өндөр байсан. Тухайлбал,
2018 болон 2022 онуудад олон жилийн дунджаас хүйтэн, 2015, 2016, 2017, 2024
онуудад ОЖД-аас харьцангуй дулаан байжээ.
Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсгээр сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар 70-100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0-30 мм, бусад нутгаар 30-70 мм бороо ордог.
Зарим жил ОЖД-аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байжээ. Тухайлбал, 1999-2017 онд харьцангуй тунадас багатай жилүүд үргэлжилж, 2018 оноос ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон аж.
Энэ сард баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй багатай. Гэвч төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, болзошгүй үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн энэ жилийн дундаж салхины хурд их байгаатай холбоотой дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх зэрэг нөөлөг салхины болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас зөвлөжээ.