СЭЛЭНГЭ: Нутагшсан хонин сүргийн ууган үүлдрийг үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ нутаг өнгөрсөн
нэгэн зуунаас хойш, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хилийн худалдаа гээд
Монгол орны эдийн засгийн тулгуур бүс байсаар иржээ.
Энэ ч утгаараа монгол орны ус
бэлчээр, уур амьсгалд нутагшсан хонин сүргийн, ууган гурван үүлдэр болсон
“Орхон”, “Хангай”, “Ерөө” үүлдрийн хонин сүргийг Сэлэнгэ аймагт үржүүлж байна.
Энэхүү үүлдрүүд нь монгол мал зүйч,
зоо техникчдийн оюуны томоохон бүтээл юм. Иймээс тасралтгүй үргэлжлэн үржүүлж
байх учиртай юм.
Тухайлбал малын үүлдэр угсааг
шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхээр 1940-өөд оны үед мал аж ахуйн салбарын
эрдэмтэд хонин сүргийн үүлдэрлэг байдалд анхаарч, өндөр ашиг шим бүхий малын
эрэлд гарсан байна. Энэ ажлаа Сэлэнгийн униарт хөндий, үржил шимт хөрсөнд
түшиглэн хийжээ.
Үүний нэгэн жишээ нь одоогоос 60
орчим жилийн өмнө шилмэл үүлдэр болон батлагдсан Сэлэнгэ аймгийн Орхон сумын
“Орхон” хонь юм. Энэхүү хонины зах зээлийн шаардлага нь тухайн үеийн Орхоны
сангийн аж ахуй байсан байна.
Үүний дараагаар “Орхон” хоньтой ижил
төс бүхий “Хангай”, “Ерөө” үүлдрийн хонинууд бий болжээ.
Эдгээр нь тухайн цаг үедээ Ерөө,
“Энхтал”-ын САА-г түшиглэн бий болж байсан байна. Дээрх үүлдрийн хонинууд
тухайн цаг үедээ баялаг, инновац, үүлдэр болон батлагдсан байна.
Эдгээр үүлдрийн нарийн, нарийвтар
ноост хонины цөм сүрэг нь цаг хугацааны хувьд хол зөрүүгүй бий болж, хөдөө аж
ахуй хөгжлийнхөө дээд түвшинд дөхөж, улс орныхоо хөнгөн үйлдвэр, эдийн засгийн
хүнд ачааг үүрэлцэж байжээ.
Нарийн нарийвтар ноост хонины ууган
үүлдэр болсон “Орхон” үүлдрийн хониороо Сэлэнгэ аймгийн Орхон сум танигддаг.
Хүний оюуны бүтээл болсон Орхон үүлдэр 1961 онд эх орны ууган үүлдрээр
батлагдаж байв.
Орхон сумын нутгийн брэнд болсон
Орхон хонь одоогоор 17 сууринд 5000 гаруй толгой бий.
2005 оноос Орхон хонины үүлдэр
угсааг нь хадгалахын тулд намар нь зохиомол хээлтүүлэг хийж, эрлийзжүүлэх биш,
цэвэр үүлдрийг нь хадгалах чиглэлд анхааран ажиллаж байна.