Монгол ард эскадрилийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-23 10:27:47

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Нисэх хүчин хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.


Монгол Улсад 1925 оны оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Консулын дэнжид Ю-13 онгоцыг газардуулснаар нисэх хүчин байгуулагдсан түүхтэй.  Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлүүлэн барьсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслийн дагуу барьжээ.


Монголд Нисэх хүчин хөгжсөний 100, Монголын иргэний агаарын тээврийн "МИАТ" ТӨХК-ийн 69 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Манай иргэний агаарын тээврийн зах зээлд одоогоор дотоодын 4, гадаадын 16 компани үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компаниудын нэг "United airlines" Монгол Улс руу үйлдсэн анхны нислэг энэ сарын 1-нд болсон. Мөн агаарын тээвэрлэгч гадаадын хоёр компани Монгол Улс руу энэ онд нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа. Ингэснээр агаарын тээврийн зах зээлд гадаадын 19 компани 22 чиглэлд шууд нислэг үйлдэх юм.


МИАТ компани 69 жилийн хугацаанд нийт 512 мянган аяллаар 570 сая км агаарын зам туулж, 25 сая зорчигч тээвэрлэжээ.


Хүндэтгэл илэрхийлэх энэхүү ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Батлан хамгаалын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОХУ-аас Монгол улсад суугаа цэргийн аташей хошууч генерал П.В.Петрунин, ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр, БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Иргэний нисэхийн Үндэсний төв, МИАТ ТӨХК-ийн удирдлга, ахмад дайчдын төлөөлөл оролцлоо.


関連ニュース