Уул уурхайн бүтээгдэхүүнийг индексжүүлэх боломжийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-16 10:12:40

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/.  “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, УУБАБГ-ын Гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам нар энэ сарын 13-15-нд болсон БНХАУ-ын баруун урд бүс нутгийн коксжих нүүрс, коксын зах зээлийн XII  удаагийн уулзалтад оролцов.


Тэд монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлд оролцогчдын тоог нэмэх, биржийн үйл ажилагаа, нүүрсний зах зээлийг суртачлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, биржийн арилжааны журмын шинэчлэлт болон зарчмыг танилцуулсан юм.

Мөн БНХАУ-ын Сычуан мужийн Чэндү хотноо зохион байгуулсан ган, төмрийн хүдэр, өнгөт металл, эрчим хүчний олон улсын зах зээлийн мэдээ мэдээлэл нийтлэгч MySteel.com платформтой хамтран Монголын хөрөнгийн биржээс санаачлан хэрэгжүүлж буй нүүрсний үнийн индексжүүлсэн арилжаа нь зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны ажлыг эхлүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн эрчим хүчний нүүрс, хүрэн нүүрс болон коксжих чанаргүй нүүрс, төмрийн хүдэр, баяжмал, зэсийн баяжмал зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүнд ч мөн адил индексжүүлсэн үнэ ашиглах талаар судалж, цаашид бүтээгдэхүүнийг индексжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.


Энэхүү уулзалтад БНХАУ-ын нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, гангын үйлдвэрийн нийт 300 гаруй компани, ААН-ийн төлөөлөл оролцжээ. 

関連ニュース