ОБЕГ: 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр ямар нэгэн хохирол учраагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 109 км, Батширээт сумын төвөөс баруун зүгт 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн хойд зүгт 76 км зайд өчигдөр 22:23 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч хохирол бүртгэгдээгүй гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлийн Багануур, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт мэдрэгдсэн байна.
Монгол орны нутаг
дэвсгэрт 2025 оны нэгдүгээр сараас хойших гурван сарын хугацаанд 3.5-5.1
магнитудын хүчтэй газар хөдлөлт 12 удаа бүртгэгджээ.