Хүүхдийн эрхийг зөрчиж буй гомдол мэдээлэл ихэнх хувийг эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа сувилгаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан танилцуулав.
Тус комисст он гарснаас хойш хүүхдийн эрхийн
хэрэгжилттэй холбоотой 35 гомдол, мэдээлэл ирснээс есд нь хяналт шалгалт хийж, бусад өргөдөл гомдлыг харьяалах
байгууллагад шилжүүлж, хяналт тавьж
байна. Эдгээр нь гэмт хэргийн гэрч хүүхдийн эрхийг
хамгаалах, эцэг, эх, асран хамгаалагч нь цагдан хоригдсон, саатуулагдсаны
улмаас хүүхэд асран хамгаалагчгүй болсон бол эрхийг нь хамгаалуулах,
хүүхдийн тэтгэвэр тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, хэрэг хянан шийдэх
ажиллагаа удаан байгаагаас хүүхдийн
эрх зөрчигдөж буй гомдол
мэдээлэл ихэнх хувийг эзэлжээ.
Монгол Улсад 2022 оны байдлаар 1,282,373 хүүхэд бүртгэгдсэнээс хагас өнчин 36 мянга, бүтэн өнчин 2,9 мянга, байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга гаруй хүүхэд байв. Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилд багассан бол хагас өнчин, байнгын асаргаатай хүүхдийн тоо нэмэгдсэн аж.
“Шүүхийн
шийдвэрийн мэдээллийн сангаас шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хасуулсан,
хязгаарлуулсан, эрх зүйн чадамжгүй, сураггүй алга болсон талаар тоон мэдээлэл
гардаг ч шийдвэрийн үр дүнд тухайн хүүхэд хагас, бүтэн өнчин хүүхдийн аль ангилалд орж
байгаа нь тэмдэглэгддэггүй, хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээлэлд албан ёсоор ордог эсэх нь
тодорхойгүй байна. Улмаар хагас, бүтэн өнчин хүүхдийн статистик
мэдээлэл хуулийн тодорхойлолтод заасан шалтгаан, нөхцөлөөр бүрэн ангилагдан
гарах боломжгүй байна. Манай
улсад хүүхдийн эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг ч хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийг хөндсөн судалгаа цөөн аж. Ихэнх тохиолдолд хүн амд эзлэх
хувь, өсөлт, бууралтын хэмжээнд дурдах төдий. Эдгээр хүүхдүүдийн аж байдлыг судалж, тулгамдаж буй асуудлыг
тодорхойлсон нь ховор байна. Ялангуяа, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн
нийгэм, онцгой тохиолдлын сорилтуудыг хохирол багатай даван туулах эн тэнцүү
боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүднээс эмзэг бүлэгт багтдаг хагас, бүтэн өнчин хүүхдүүдэд тулгамдаж буй
асуудлыг судалж, бодлого
тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүргэх нь чухал” гэдгийг Ж.Хунан онцолжээ.
Асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл, 2023 онд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа бол эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд өнгөрсөн онд 203 байгаагаас хүчирхийлэлд өртсөн 175, хууль зөрчсөн 2, шүүхээр шийтгүүлсэн 4, гэмт хэргийн хохирогч хүүхэд 1, эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан 21 хүүхэд байв.