“Сүү” хөтөлбөрт найман сургуулийн 19300 сурагчийг эхний ээлжид хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-17 10:43:41

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн.


Үүний нэг нь “Сүү хөтөлбөр” юм. Уг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид ерөнхий боловсролын найман сургуулийн бага, дунд ангийн 19300 сурагчийг хамруулах аж.  Ингэхдээ долоо хоногийн гурван өдөр 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөжээ. Хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.


Энэ талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Баярчимэг, “Дэлхийн олон оронд “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сайн туршлага бий. БНХАУ 2000 оноос энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн Солонгост уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цэцэрлэгийн наснаас эхэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эерэг үр дүн гарсан байна. Уг хөтөлбөрт нэг тэрбум төгрөгийн төсвийг НИТХ-аар батлуулсан. Хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр сүү өгнө. Ингэхдээ нэг өдрийг нь нийслэл, нэг өдрийг дүүрэг, нэг өдрийг нь эцэг, эх даахаар төлөвлөж байна. Хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн сүү өгнө” гэв.


“Жайка” олон улсын байгууллагын судалгаагаар хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-3 дахин бага, Д витамины дутагдалтай, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл их гарсан байна. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлаа сайжрах чухал ач холбогдолтой юм.

関連ニュース