Дэлбэрэлтэд өртсөн барилгуудын дүгнэлтийг УОК-т танилцуулсны дараа шийдвэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх “Дүнжингарав” худалдааны төвийн замын уулзварт энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө ноцтой осол гарч, хэд хэдэн барилга дэлбэрэлтэд өртсөн билээ. Тэдгээр барилгад хийсэн дүгнэлтийн талаар Улсын онцгой комиссоос өнөөдөр мэдээллээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, “Дэлбэрэлтэд өртсөн барилгуудын төлөв байдлын дүгнэлт гаргах үүргийг Барилга, хот байгуулалтын сайдад өгсөн. Энэ дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, дөрвөн барилгад хийсэн дүгнэлтээ танилцуулсан юм. Эдгээр дүгнэлтийг албажуулан УОК-т ирүүлж байгаа.
Гурван яамны сайдын хамтарсан ажлын хэсэг “Дашваанжил” компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмын хэрэгжилтэд шалгалт хийж, танилцуулсан. Миний биеийн ахалсан ажлын баг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй газрын тосны агуулах, ШТС, тээврийн хэрэгслүүдэд хянал шалгалт хийж, дүгнэлтээ танилцуулсан билээ.
Эдгээр дүгнэлтийг УОК-т танилцуулж, дараагийн шийдвэр гарна. Хийн
дэлбэрэлтийн шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа.
Тэднээс бидэнд өгсөн мэдээллээр, мэргэжлийн байгууллагууд бүх дүгнэлтээ гаргасан, харин хохирлын үнэлгээ зэрэг зүйлийг нарийвчлан
тодруулах зүйл байгаа юм байна. Буруутай этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж,
шүүхээр эцэслэн тогтооно” гэв.