Дүүжин тээврийн барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглах дүүжин тээврийн дэд бүтэц, барилга угсралтын ажлыг эхлүүлэх болсон тухай Францын “Пома” группээс мэдээллээ.
Дүүжин тээврийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулахаар хоёр улсын Засгийн газар 2019 онд хэлэлцээр байгуулж байсан юм. Энэ хүрээнд Францын Засгийн газраас 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй буюу 0.07 хувийн хүүтэй, эхний арван жил эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх 40 жилийн хугацаатай санхүүжилтийг дүүжин тээвэр байгуулахад олгохоор болсон байдаг. Төслийг 80 гаруй жилийн туршлагатай, Францын “Пома” групп хийж гүйцэтгэх бөгөөд агаарын дүүжин тээвэр барих чиглэлээр дэлхийд тэргүүлдэг групп аж.
Төсөл хэрэгжүүлэгч компани хоёр шугамд агаарын дүүжин тээвэр байгуулах бөгөөд эхний шугамыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбороос Хархорин зах хүртэл, 4.2 км газар дүүжин тээвэр байгуулахаар ТЭЗҮ батлагдсан байна. Дэд бүтцийн ажлыг гуравдугаар сард эхлүүлж, 2025 оны 12-р сард ашиглалтад өгнө.
Тус группийн мэдээлснээр, ТЭЗҮ-ийг бэлэн болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газраар батлуулсан байна. Ингэхдээ Улаанбаатар хотод хамгийн өндөр нягтаршилтай, хүн ам төвлөрдөг, их цаг зарцуулдаг хоёр шугамын байршлыг сонгож ТЭЗҮ-ийг хийж, батлуулжээ.
Улаанбаатарын хамгийн том хоёр өргөн чөлөөг шууд холбосон дүүжин тээврийн нийт урт 4250 м, нэг чиглэлд цагт 650 хүн тээвэрлэх хүчин чадалтай, 28 кабины буудалтай байх ажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч 100 хувь ашиглах боломжтой, бүхээг нь цаг агаарын бүх нөхцөлд ажиллах зориулалттай, бүх сандал нь халдаг, нэг бүхээгт 10 хүн зорчих боломжтой байлгах юм байна. 2025 оны 12 дугаар сард нээх дүүжин тээвэр нэг секундэд зургаан метр зай туулна. Нийт 19 цамхагтай, нэг талдаа бүрэн хүчин чадлаар ажиллавал 2300 зорчигч тээвэрлэх юм байна. Дүүжин тээвэр барих замд Туул гол, төмөр зам, аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүд байгаа ч хамгийн бат бөх кабель суурилуулж, дэлхийн стандартаар зорчигчийг тээвэрлэнэ гэдгийг онцоллоо.
Тэд энэхүү дүүжин
дээвэртээ 30 жилийн баталгаа өгчээ. Энэ хугацаанд засвар үйлчилгээ, аюулгүй
байдлыг хангаж, заавар зөвлөгөө өгч ажиллах юм байна.