Давосын хамгийн халуун сэдэв: Хиймэл оюун ухаан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ДАВОС. 2024 оны нэгдүгээр сарын 20 /Anadolu/. Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хамгийн халуун сэдэв нь хиймэл оюун ухаан байлаа. Улс төрчид, бизнесийн салбарын төлөөлөгчид хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэл, боломжуудын талаар идэвхтэй санал солилцлоо.
Тус чуулганаас гаргасан 2024 оны дэлхийн эрсдэлийн тайланд, энэ онд эн тэргүүнд амьжиргааны өртгийн хямрал үргэлжилж буйд, түүнчлэн хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотойгоор буруу ташаа болон худал мэдээлэл тархах эрсдэлүүд, мөн нийгмийн туйлшрал зэрэгт санаа зовниж буйг онцолжээ.
Хиймэл оюун ухааны технологи нь хүн төрөлхтний оршин тогтнолд ямар хохирол учруулж болзошгүйг харгалзан "сайн сайхны төлөөх хүч" мөн үү гэсэн цорын ганц асуулт Давосын чуулга уулзалтад оролцогчдын санааг зовоож байв.
Хиймэл оюун ухаан бидний ажлын байрыг булаах уу?
Давосын ДЭЗЧУ-ын үеэр болсон дээд хэмжээний уулзалтуудын үеэр албан тушаалтнууд, улс төрчид хиймэл оюун ухааныг ирээдүйд хэрхэн үр бүтээлтэй ашиглах талаар ярилцаж, энэ технологи нь ажил эрхлэлтийн ирээдүйг хэрхэн өөрчилж болох тухайд санаа зовж буйгаа илэрхийлж байлаа.
Олон улсын валютын сангийн (ОУВС) ерөнхийлөгч Кристалина Георгиева хэлэхдээ, хиймэл оюун ухаан дэлхийн нийт ажлын байрны 40 орчим хувьд нөлөөлж, тэгш бус байдлыг улам гааруулна гэдгийг анхаарууллаа.
Тэрбээр бодлого боловсруулагчдад хандан энэхүү түгшүүртэй чиг хандлагатай тэмцэж, шинэ технологи нь нийгмийн хурцадмал байдлыг улам даамжруулахаас сэргийлэхийн тулд дорвитой алхам хийхийг уриалав.
Харин хиймэл оюун ухааны технологиор дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг болох OpenAI-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтман эсрэгээрээ ажлын байр одоогоор эрсдэлд ороогүй байна гэж мэдэгджээ.
Альтман Давост болсон хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, хиймэл оюун ухаан нь хүлээгдэж байснаас хамаагүй дэвшилтэт, ялангуяа хүний бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр илүү сайн хэрэгсэл болсон хэмээн онцлон тэмдэглэв.
Хиймэл оюун ухааныг өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх талаар санаа зовж байна
Хиймэл оюун ухааны хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд урт хугацааны тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд нь нөлөөлж болзошгүйд дэлхийн компаниудын удирдагчид санаа зовж байгааг аудитын үйлчилгээ үзүүлэгч PricewaterhouseCoopers (PwC) компанийн хийсэн судалгаа харууллаа. Дэлхийн компаниудын 4 700 гаруй удирдах албан тушаалтан асуулга судалгаанд оролцсон байна. Тэдний 45 хувь нь хиймэл оюун ухаан бий болсноор ойрын 10 жилд дорвитой өөрчлөлт гарахгүй бол компанийнхаа ирээдүйд санаа зовж байна.
Судалгаанд оролцогчдын үлдсэн 60 хувь нь хиймэл оюун ухаан нь компаниудын бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хиймэл оюун ухаанаас учирч болзошгүй эрсдэлийн талаар НҮБ анхааруулав
Ulaanbaatar