НҮБ-аас “Хүний хөгжлийн 2024 оны илтгэл”-ийг маргааш танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. “Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний хөгжлийн 2024 оны илтгэл”-ийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад Төрийн ордонд маргааш танилцуулах гэж байна.
Танилцуулах үйл ажиллагааны нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэхээр төлөвлөжээ. Тайлангийн гол санамж зөвлөмж болон Монгол Улсад хамаарах илтгэлийг Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска танилцуулах юм.
Мөн “Ирээдүйгээ бүтээх нь: Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн шинэ чиглэлүүд Монгол Улсад” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Тодруулбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний хөгжлийн 2024 оны илтгэл”-д бүс нутагт төдийгүй дэлхий дахинд тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдал бүрдээд буйг онцолж байна. Ийм нөхцөл байдлын үед хүний хөгжлийг ахиулахад нэг чухал үүрэг гүйцэтгэх тэргүүлэх гурван чиглэлийг Хөгжлийн хөтөлбөрөөс тодорхойлоод байна. Үүнд:
- Хүний
хөгжлийг үндсэн зорилгоо болгох,
- эдийн засгийн өсөлтийн стратегийг шинэчлэн тодорхойлох,
- мөн бодитой өөрчлөлт гаргахыг эрмэлзэх гэсэн чиглэлүүд багтаж
байна.
Тайланд ирээдүйд нийцсэн засаглалыг бэхжүүлэх зайлшгүй
шаардлагатайг дурдаж, алсын хараа, дасан зохицох чадвар, хурдацтай шийдвэр
гаргах чадамж зэрэг нь Монгол Улс болон бүс нутгийн улс орнуудад тулгарч буй
хөгжлийн өвөрмөц сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд нэн шаардлагатай гэдгийг тодотгожээ.
Түүнчлэн, ард иргэд нь хөгжлийн идэвхгүй ашиг хүртэгч бус,
харин эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал, хүн төрөлхтний аюулгүй байдлын
бүтээн байгуулалтад бүрэн оролцдог идэвхтэй төлөөлөгч байхын сацуу ирээдүй хойч
үеийнхнийхээ төлөө эрүүл орчин, эх дэлхийгээ сахин хамгаалах үүрэг хүлээдэг
байх учиртай хэмээн тусгажээ.