KCNA: ОХУ-ын Гадаад хэргийн сайд Умард Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-16 17:37:30

СӨҮЛ, 2023 оны аравдугаар сарын 16 /Yonhap/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ долоо хоногийн сүүлчээр Пёньянд айлчилна гэж Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүд өнөөдөр мэдээлжээ.


Умард Солонгосын Гадаад хэргийн яамны урилгаар С.Лавров аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Умард Солонгост албан ёсны айлчлал хийнэ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн боловч үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар есдүгээр сарын 13-нд дээд хэмжээний уулзалт хийсний дараа энэхүү айлчлал болох гэж байна. 


С.Лавров Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга зам, түүнчлэн В.Путиний Пёньянд хийх айлчлалын бэлтгэлийн талаар ярилцах төлөвтэй байна.


Өмнө нь С.Лавров Путин-Кимийн дээд хэмжээний уулзалтын дараа хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэхээр аравдугаар сард Пёньянд айлчлахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан юм. ОХУ-ын "Восточный" сансрын хөлгийн буудалд болсон уг дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин Умард Солонгост айлчлах Ким Жөн Уны саналыг  хүлээн авсан гэж Кремль өнгөрсөн сард мэдээлсэн билээ.


Украинд ашиглахад зориулан цэргийн техник, зэр зэвсэг бүхий 1000 гаруй чингэлгийг сүүлийн долоо хоногуудад Пёньянаас Орост нийлүүлсэн гэж Цагаан ордон мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа KCNA дээрх мэдэгдлийг хийлээ.


Даваа гарагт Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны нэгэн албан тушаалтан мөн, Умардын тал саяхан ийм чингэлгүүдийг хөлөг онгоцоор Орост хүргэсэн шинж тэмдэг ажиглагдсаныг баталжээ.  


Сөүлийн зүгээс ийм үйлдлийг эрс зэмлэн буруушааж, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байгаа тул тус улстай хийж буй аливаа хууль бус зэвсгийн наймааг зогсоох хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

関連ニュース