Энэ сарын сүүлээс халдварын тархалт буурна гэж тооцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, коронавирусний талаар математик судалгаа хийж буй эрдэмтэд, тархвар судлаач нартай уулзсан байна.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ, “Монгол Улсад вакцинжуулалт 100 гаруй хоног эрчимтэй өрнөж байгаа. Гэвч хөл хөдөлгөөн их байгаа тул халдварын тоо буурахгүй байна. Монгол Улсад вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийн 0.5 хувь нь халдвар авч байна. Олон улсад хоёр тунд хамрагдсан иргэдийн 2-5 хувь нь халдварласан байна. Хоёр тун тариулсан халдвартай иргэдийн дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа. Суурь өвчин болоод хувь хүний биеийн онцлогоос хамаарч хүндэрч байгаа тохиолдол байгаа ч харьцангуй бага байна.
Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 40 хувь буюу 800 мянга нь вакцины бүрэн тунг хийлгээд 14 хонож, дархлаа тогтсон байна.
Харин үлдсэн 60 хувь нь бүрэн тунд хийлгээгүй эсхүл хийлгээд 14 хоноогүй байна. Мөн хүүхдүүд вакцин хийлгээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, 2.5 сая хүн эрсдэлтэй байна гэсэн үг. Тиймээс халдварын тархалт буурахгүй байгаа юм.
Эрдэмтдийн зөвлөлөөс ирэх сарын 1 гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 95 хувийг вакцинжуулж, энэ сарын сүүлээс халдварын тархалт буурч эхэлнэ гэсэн тооцоолол хийсэн. Засгийн газрын тэргүүн бол хатуу хөл хорио тавихгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин орон нутагт аймгуудын онцгой комисс зохицуулалтаа хийж байна” гэлээ.