Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоос сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-23 15:40:33

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.


Үүнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэг, хүүхдийн зуслан, уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага зэрэг олон хүн цугласан орчинд гэдэсний халдварт өвчин, хоолны хордлого гарахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.


Түүнчлэн хүнсний сүлжээний бүх шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, ашигт малтмал ашиглах, хайх тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж байгууллагад тавих ажилчдын байрны болон орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтийг хангуулах эрх зүйн орчныг судалж шийдвэрлэх, хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон аймгуудын Стандарт хэмжилзүйн хэлтсийн лабораториудын хүчин чадал, итгэмжлэлийн хүрээг нэмэгдүүлж, хордлого, халдвар гарсан үед шуурхай, хамтарч ажиллах, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа, хүнсний худалдаа үйлчилгээнд тогтмол хяналт тавьж, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.  


2025 оны эхний хагас жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн байгууллагад хоолны хордлогын зургаан удаагийн тохиолдол бүртгэгдэж, 451 хүн өвчилсөн байна.

 

関連ニュース