ОХУ-аас Спутник-V вакцины нэг сая тун авахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-26 10:09:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас "Спутник-V" вакцины нэг сая тунг манай улс худалдан авахаар болсон тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн албан ёсны цахим хуудсандаа мэдээлжээ. 


Тэрбээр, "Хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун "Спутник-V" вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээрийг хийж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" хэмээн тэмдэглэжээ. 


Ташрамд дурдахад, манай улс коронавирусний эсрэг Оксфордын их сургуулийн "Асртазенека", ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", АНУ-ын "Файзер" вакциныг эмийн бүртгэлдээ авсан. Энэ сарын 23-наас хойш манай улс нийт 509 740 тун вакцин оруулж иржээ. Тодруубал, "Астразенека" 164 мянга, "Синофарм" 300 мянга, "Спутник-V 20" мянган тунг импортолсон бол хамгийн сүүлд буюу энэ сарын 24-нд Файзер вакцины 25 740 тун вакцин оруулж ирсэн юм. 


Улсын хэмжээнд, энэ сарын 25-ны байдлаар, 244 550 хүнд вакцины эхний тунг хийгээд байна.

関連ニュース