Шинийн нэгэн тохиох 2 дугаар сар
ТОЙМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Цаг
уурын байгууллагаас 2021 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан
тойм мэдээллийг гаргажээ.
Баруун
аймгуудын нутгаар. Энэ
сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Алтайн өвөр
говиор ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй аж.
Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч,
гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар
хүйтэрнэ. Мөн 1 дүгээр 10 хоногийн эхэн, 2 дугаар 10 хоногийн дунд,
3 дугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.
Салхи
ихэнх хугацаанд 4–9 м/с. Харин 1 дүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав
хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 10–15 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон
шуурга шуурах магадлалтай.
Төвийн аймгуудын нутгаар. Хөвсгөлийн ихэнх, Архангайн зүүн хойд, Булганы баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Архангайн зүүн хойд, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим болов уу. Мөн 1 дүгээр арав хоногийн дунд, 2 дугаар арав хоногийн эхэн болон дунд үе, 3 дугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ. Улмаар 1 дүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, 3 дугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 10–15 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах бололтой.
Зүүн аймгуудын нутгаар. Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын ихэнх нутгаар дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД-ын орчим ба хур тунадас Дорнодын өмнөд болон Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с. 1 дүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 11–16 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Дорноговийн зүүн хэсгээр дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх бол хур тунадас Дорноговийн ихэнх нутаг болон Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Мөн 1 дүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар 12–17 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Монгол
Улсын нутаг дэвсгэрийг дээрх дөрвөн бүсэд хувааж цаг
агаарын урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг.Тэгвэл:
Баруун
аймгуудад: (Баян-
Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
Төвийн
аймгуудад: (Архангай,
Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
Зүүн аймгуудад: (Хэнтий,
Дорнод, Сүхбаатар)
Говь
аймгуудад: (Говьсүмбэр,
Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ.
Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх нэр томьёог хэрэглэх жишээтэй. Мөн дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981 – 2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг болон Архангайн баруун хэсгээр -22–32°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -4–12 хэм, бусад нутгаар -12–22 хэм байжээ. 1987, 1990 – 1995, 1997 – 1999, 2002 – 2004, 2006 – 2007, 2009, 2015, 2017, 2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–6°С–аар дулаан болж, өдөртөө говийн нутгаар 2–7°С, бусад нутгаар 7–12°С хүйтэн байсан байна. Харин 1981, 1983 – 1986, 1988, 1996, 2000, 2001, 2005, 2008, 2010, 2012 – 2014, 2016, 2018, 2019 онуудад агаарын температур олон жилийн дунджаас 1–9 хэм хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур зарим жилд Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр 46–49 хэм, Орхон–Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 39–45 хэм хүрч хүйтэрсэн байна.
Цас ОЖД–аар Баян-Өлгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр харьцангуй бага буюу 0–1 мм, бусад нутгаар 1–6 мм ордог. 1981 – 1983, 1986, 1987, 1992, 1994, 1995, 1997 – 2001, 2008, 2012 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон бол 1988, 1990, 1993, 1996, 2002 – 2007, 2009 – 2011, 2013 – 2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 дахин их цас оржээ. Олон жилийн дунджаар Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18 см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог бөгөөд дээр дурдсан жилүүдэд цасан бүрхүүлийн дундаж зузаан 20–30 см–т хүрч мал өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрсэн аж.
Сарын агаарын дундаж температур нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн (тодруулбал: Зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг), бусад нутгаар ОЖД– ийн орчим байх төлөвтэй байна. Харин хугацааны хувьд авч үзвэл сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ хүйтэрнэ. Төвийн нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, Алтайн өвөр говиор ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим цас орох төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орох бөгөөд салхины хурд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул ард иргэд онцгойлон анхаарна уу гэжээ.
Монголчуудын
хувьд 2 дугаар сард гол төлөв хаврын тэргүүн
цагаан сарын шинийн нэгэн тохиодог онцлогтой. Энэ жил шинийн
нэгэн 12-нд тохионо. Гэхдээ Засгийн газраас шинийн нэгнийг бүх
нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаад байгаа билээ.