Нийслэлд эх үүсвэр нь тогтоогдоогүй, коронавируст халдварын дөрвөн голомт илрэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод сүүлийн хоёр хоногт эх үүсвэр нь тогтоогдоогүй коронавирусний дөрвөн голомт илэрсэн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр 18.30 цагт шуурхай хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдээлэв.
Нэгдүгээрт, Мөнххада компанийн ажилтантай холбоотой голомт илэрсэн. Хоёрдугаарт, Баянзүрх дүүргийн 85 мянган өрхийг шинжилгээнд хамруулах үеэр нэг гэр бүлийн 2 хүнээс халдвар илэрчээ. Гуравдугаарт, Баянгол дүүргийн сайн дураараа шинжилгээ өгөх цэгт шинжилгээ өгсөн 2 хүнээс халдвар илэрсэн байна. Дөрөвдүгээрт, Баянзүрх дүүргийн нэг иргэн очиж шинжилгээ өгөхөд халдвар илэрчээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Дээр дурдсан 4 тохиолдлоос Баянгол дүүрэгт илэрсэн хоёр иргэн, Баянзүрх дүүргийн гэр бүлийн хоёр хүн халдвар авсан нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс улбаатай болохыг тогтоосон. Нөгөө хоёрынх нь эх үүсвэрийг тогтоогоогүй байна. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ард иргэдийн дунд явж байсан 18 хүнээс халдвар илэрсэн. Цаашдаа нөхцөл байдал хэрхэн яаж үргэлжлэх нь шинэ илэрсэн голомтуудын ойрын болон дам хавьтал хэрхэн үргэлжлэхээс шалтгаална ” хэмээв.