Гэр хорооллын эгнээ, гудамж бүрт гэрэлтүүлэг тавьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ 
                                                                    Хэнтий /МОНЦАМЭ/ Улс болон орон нутгийн төсвийн 1.070 сая төгрөгийн төсөвт өртгөөр аймгийн төвийн таван багийн гэр хороолол, эгнээ гудамж бүрт нийт 1460 ширхэг гэрэлтүүлэг тавьж байна.
Үүнээс 1, 4, 5 дугаар багт 950 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажлыг “Алсын солонго” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 10 дугаар сарын 8-наас эхлэн асаах юм байна. Харин 2,3 дугаар багт 510 ширхэг гэрэлтүүлгийг "Юувокү" ХХК тавьж байна.
Үүний хүрээнд өчигдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав "Юувокү" ХХК-ийн удирдлагуудтай уулзаж 2,3 дугаар багийн гэрэлтүүлгийн ажлыг яаравчлах чиглэл өглөө. Уулзалтаар 10 дугаар сарын 8-нд Баянмөнх багт 190 гэрэл, 10-нд Булаг багт 170 гэрэл,  15-нд Өлзийт багт 50 толгой гэрлийг ашиглалтад оруулахаар тохиролцлоо. 
Ингэснээр тус компанийн хариуцсан 510 гэрлээс 410 гэрэл нь ашиглалтад орох бөгөөд үлдсэн 100 гэрлийг энэ сардаа багтаан шийдвэрлэхээр боллоо.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    