Цөмийн терроризм - бодит аюул мөн үү?
ТОЙМ3 дугаар сарын сүүлийн хоёр өдрийн турш Вашингтон хот дэлхийн улстөрийн бодлогын төв болж байлаа. Учир нь, АНУ-ын нийслэлд дэлхийн 56 орны төр, засгийн тэргүүн нар оролцсон Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх Дээд хэмжээний чуулга уулзалт болсон юм. Уулзалтаар цөмийн зэвсэг болон цөмийн материалууд террористуудын гарт орохоос урьдчилан сэргийлэх арга зам буюу тодруулваас, цөмийн терроризмын аюул заналтай тэмцэх асуудлыг хэлэлцлээ.
Ер нь ингэхэд цөмийн терроризм үйлдэх нь техникийн хувьд боломжтой юу? Ийм маягийн террорист халдлага нь дээд түвшинд хэлэлцэх хүртлээ даамжирсан ноцтой сэдэв мөн үү?
Цөмийн терроризм үйлдэх оролдлогууд
Бодит амьдрал дээр цөмийн терроризмын ажиллагаа үйлдсэн тохиолдол гарч байгаагүй учраас “цөмийн терроризм” гэдэг нь зөвхөн улстөрийн онолын хүрээнд яригддаг төсөөлөл таамаг төдий ойлголт юм.
Гэсэн хэдий ч цөмийн зэвсгийг гартаа оруулахаар завдаж, эрх баригчдыг “шантаажлах” оролдлого хэд хэдэн удаа гарч байсан аж. Жишээлбэл, 1961 онд де Голлийн явуулж буй улстөрийн бодлогыг эсэргүүцсэн Францын барууны үзэлт генералууд Сахарын цөл дэх цөмийн туршилтын талбайд байсан цөмийн цэнэгт хошууг булаан авч, засгийн газарт тулган шаардах бичиг хүргүүлэхээр зэхэж байсан гэдэг. Энэ тухай тагнуулын мэдээ авсан Францын удирдлага хуйвалдагчдаас урьтан хөдөлж, туршилт хийж амжсанаар тэдний санаархлыг таслан зогсоож байв.
Хожим 1975 онд АНУ-ын Бостон хотод хэсэг террористууд цөмийн бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлж эрх баригчдаас мөнгө нэхэж байсан тохиолдол бий.
Түүнээс гадна, 1995 онд Москвагийн Измайловын цэцэрлэгт хүрээлэнд Чеченийн салан тусгаарлагчид цацрагт идэвхт цезий-137 гэдэг бодис бүхий савыг булсан байжээ. Үүнийг илрүүлсний дараа салан тусгаарлагчдын толгойлогч асан Ж.Дудаев “энэ бол бидэнд байгаа зүйлсийн тун өчүүхэн хэсэг” гэж бардамнан сүрдүүлэв. Энэ нь хий хоосон үг биш байсан учраас оросууд урьтан хөдөлж, Грозный хот дахь цөмийн хаягдал булшлах объектыг эзлэн авчээ.
1987 он-Бразилийн Гояния хотод хулгайд алдагдсан цезий-137 элемент бүхий чингэлэг сав эвдэрсний улмаас 4 хүн амиа алдаж 129 хүн цацраг туяанд хордсон нь хэрвээ террористууд цөмийн материалыг зөөвөрлөх явцад халдлага үйлдвээс түүнээс учрах хор хөнөөл нь асар их гэдгийг харууллаа.
Террористууд үй олноор устгах зэвсэг ашиглан дайралт хийж болзошгүй гэсэн болгоомжлол 1990-ээд оны үед нэлээд газар авах болсон нь хэд хэдэн учир шалтгаантай. Юуны өмнө, энэ нь ЗХУ задарснаар хими, бактериологи, цөмийн зэрэг үй олноор устгах зэвсэгт тавих хяналт мэдэгдэхүйц суларсантай холбоотой. Хоёрдугаарт, Барууны орнуудын гол өрсөлдөгч ЗХУ задарснаар хоёр туйлт ертөнц олон туйлт болж хувирсан. Энэ үед АНУ болон түүний холбоотон орнуудын тагнуулын албадын сонор сэрэмж суларч, цалгардан наазгайрах болсон нь террористуудад цөмийн материал ашиглан халдлага үйлдэх сэдэл өгч өөгшүүлэв. Дараагийн шалтгаан бол Интернэт хөгжсөнөөр шинжлэх ухаан-техникийн ололтыг ашиглах боломж нээлттэй болсон явдал. Дөрөвдүгээрт, Японы Аум Шинрикё хэмээх байгууллагынхан “зарин” хийг Токиогийн метронд цацсан нь үй олноор устгах зэвсгийг олж авах боломжтой, түүнийг “гар аргаар” хийж болдог, бас хэрэглэж болдог юм байна гэх сэдлийг алан хядагчдад төрүүлжээ.
Цөмийн терроризм гэдгийн талаар тодорхойлолт ч бий. Энэ бол тодорхой улстөрийн болон эдийн засгийн зорилгодоо хүрэхийн тулд цөмийн зэвсэг болон цөмийн материалыг булаан авах, түүнчлэн цөмийн дэд бүтцийн байгууламжууд руу халдан довтлох замаар хүний амь нас болон экологид хохирол учруулж, ингэснээр хүн ам болон төрийн удирдлагад сэтгэл зүйн хүчтэй дарамт үзүүлэхэд чиглэсэн хэсэг бүлэг хүмүүс, бүлэглэлүүдийн санаархал, үйл ажиллагаа юм.
Харин “цөмийн материал” гэдэгт байгалийн уран, түүний хүдрийн баяжмал, уран-235-аар ядуурсан уран, тори буюу нейтроны үйлчлэлээр хуваагддаг U-233, U-235, Pu-239 эсвэл задардаг U-238, Pu-240 зэрэг тусгай зориулалтын материал хамаарна. Террористууд цөмийн терроризм үйлдэхийн тулд цөмийн дэлбэлэх төхөөрөмжийг “гар аргаар” хийх, хар захаас тйм төхөөрөг худалдан авах эсвэл цөмийн зэвсэгтэй орнуудын агуулахаас хулгайлах, булаан авч магадгүй юм. Түүнчлэн газарт болон далай тэнгист байрлалтай объектуудад дайран нэвтэрч цөмийн цэнэгт баллистик пуужин харвах магадлал бараг тэгтэй тэнцүү боловч байсаар л байгаа.
Цөмийн цэнэгийн агуулах руу довтлох
Террористууд юун түрүүнд байлдааны цөмийн цэнэгт хошуу хадгалдаг газрууд руу дайран довтолж магадгүй. Гэвч эдгээр объектууд маш чанд хатуу хамгаалалттай. Цөмийн агуулахыг тойруулан өргөст торон хашаа, минижүүлсэн талбай, бетонон хана бүхий хамгаалалтын бүхэл бүтэн цогцолбор бий. ОХУ-д гэхэд цөмийн зэвсэг хэрэгсэл хадгалдаг агуулахуудыг Батлан хамгаалах яамны 12 дугаар Удирдах газрын харьяа цэргийн ангиуд хамгаалдаг байна.Цөмийн зэвсэг хэрэгслийг олгохдоо Жанжин штабаас хоорондоо хамааралгүй хоёр өөр сувгаар нууц шифр илгээсний дараа олгодог маш нарийн журамтай.
Террористууд ямар нэгэн арга мэх хэрэглэн цөмийн зэвсгийн агуулахад нэвтэрлээ гэж бодъё. Энэ үед агуулах доторх орчныг хянадаг тусгай мэдрэгчүүд ажиллаж эхлэх бөгөөд тооцоолсон хэмжээнд ачаалал хүрээгүй үед цэнэгт хошуу дэлбэрэх боломжгүй. Зөвхөн тусгай кодыг оруулсны дараа цэнэгт хошуу идэвхжих ба тухайн кодыг тайлах оролдлого гарсан даруйд цэнэгийг ажиллагаагүй болгох зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Ийм болохоор террористуудын хувьд цөмийн цэнэгээс зөвхөн задардаг элементүүдийг нь ялгаж авахаас өөр боломж үлдэхгүй нь.
АЦС бол хамгийн эмзэг бай
Цөмийн терроризм үйлдэхээр завдаж буй хүмүүсийн онилж болох дараагийн гол бай бол АЦС, судалгааны реакторууд, ураны баяжмалын үйлдвэрүүд, ашигласан түлшийг хадгалах болон дахин боловсруулах байгууламжууд юм. Мэдээжийн хэрэг, АЦС-ууд асар хатуу чанд хамгаалалттай байдаг. Францад гэхэд идэвхжүүлсэн ураны түлш боловсруулдаг үйлдвэрийн эргэн тойронд агаарын довтолгооноос хамгаалах ангиуд байрлана. Их Британийн Селлафилд дахь цөмийн төвийн эргэн тойрны бүсийг байлдааны онгоцууд хамгаалдаг, АНУ-ын цөмийн объектууд байрладаг газар орны дээгүүр онгоц нисэхийг хориглодог гэх мэт.
Террористууд АЦС-д нэвтэрч чадлаа гэж бодъё. Тэд юуны өмнө хөргөх системийг ажиллагаагүй болгохыг санаархана. Эсвэл реакторыг хөргөхөд ашиглахад усны хаалтыг сэтлэхэд л реакторт хүчтэй дэлбэрэлт болох магадлалтай. Эсвэл дэлбэлэхгүйгээр ердөө л реакторыг гэнэт зогсооход л эдийн засаг болоод нийгмийн сэтгэлзүйд тусах үр дагавар нь асар их.
Гэхдээ бодит амьдрал дээр бол, АЦС-д нэвтрэн орж террорист халдлага үйлдэх гэсэн санаархал хийгээд бодит боломж хоёрын хооронд хол зай бий. Харин хэрвээ станцын хажууханд амиа золиослогч өөрийгөө дэлбэлэх, эсвэл станц руу дайрах оролдлого хийхэд л ард иргэд эх захгүй үймээн сандралд орж, ингэснээр террористууд томоохон зорилгоо гүйцэлдүүлнэ гэсэн үг. Брюссельд халдлага үйлдсэн амиа золиослогчид анхандаа Бельгийн хоёр ч АЦС-ыг онилж байсан боловч Парисын халдлагыг зохион байгуулсан Салах Абдеслам гэгч баригдсаны дараа уг төлөвлөгөөнөөсөө татгалзжээ.
Дэлхий дээр 437 реактор бүхий 192 АЦС ажиллаж, 391 878 МВт цахилгаан эрчим хүч буюу дэлхий дээр үйлдвэрлэж буй нийт цахилгаан энергийн 16 хувийг нийлүүлж буй өнөө цагт террористууд эдгээр объектуудад халдах магадлал улам бүр ихэсч байгаа юм.
“Гар хийцийн” бичил атомын бөмбөг
Бодит амьдрал дээр гар аргаар цөмийн зэвсэг хийх нь техникийн хувьд боломжтой уу? гэсэн асуулт үүдэн гарна.
Энэ тухайд цөмийн мэргэжилтнүүдийн санал дүгнэлт хоорондоо зөрөөтэй байдаг. Тухайлбал, цөмийн зэвсгийг зохион бүтээсэн Америкийн эрдэмтэн Теодор Тейлорын ярьснаар бол “задран хуваагддаг материал байгаа тохиолдолд цөмийн бөмбөг хийх шиг амархан ажил байхгүй” гэнэ. Харин Манхэттэний төсөлд оролцож байсан Ж.Карсон Марк үүний эсрэг байр суурьтай байна. Түүний үзэж байгаагаар “цөмийн зэвсгийн бүдүүвч зургийг бол хаанаас ч чөлөөтэй олж болно, харин цөмийн цэнэгийн техникийн зургийг маш нууцын зэрэглэлд оруулж хадгалдаг. Энэ зураггүйгээр цөмийн зэвсгийн эд ангийг хийх ямар ч боломжгүй. Эд ангиудыг хийхдээ нейтроны физик, цацрагт идэвхт бодисын идэвхжил, их чадлын тэслүүр, гидродинамик зэрэг олон чиглэлээр хийсэн туршилтын үр дүнд тулгуурладаг, маш олон эрдэмтдийн хүч хөдөлмөр ордог учраас террористуудын хувьд ямар ч боломжгүй зүйл” ажээ.
К.Маркийн үзэж байгаагаар, террористуудын хувьд богино хугацаанд цөмийн төхөөрөг бүтээх хамгийн хялбар арга бол 94 хувь хүртэл баяжуулсан ураны нунтаг исэл эсвэл реакторт ашигладаг плутонийн ислийг олж авах явдал гэнэ. Гэтэл хамгийн бага чадлын цөмийн бөмбөг хийхэд 110 кг ураны нунтаг исэл, 35 кг плутоний шаардагдах ба ийм их хэмжээний нунтагийг металл хэлбэрт оруулна гэдэг бол маш хэцүү. Тэгээд ч уран, плутоний хоёр байгаль дээр цэврээрээ байх нь тун ховор.
Хэрвээ баяжилт багатай уран ашиглах тохиолдолд овор хэмжээ нь улам ихэснэ. Жишээ нь, 50 хувь баяжуулсан уран гарган авахад 160 кг түүхий эд, 20 хувьтай бол 800 кг хэрэгтэй болно. Террористууд дээрх хэмжээний ураныг олж авлаа гэхэд түүний изотоп болон химийн бүтцийг тодорхойлж чадахгүй. Ийм нөхцөлд дээрхээс ч илүү их хэмжээний түүхий эд шаардагдах учраас “гэрийн нөхцөлд угсарсан” атомын бөмбөгнийх нь овор хэмжээ “замбараагаа алдана”. Террористууд 94 хувь баяжуулсан ураны ислийн нунтаг олж авч чаджээ гэж бодъё. Гэтэл түүний зохих хэмжээнд хүртэл нягтруулахын тулд тусгай шахагч пресс хэрэгтэй болно. Ийм төхөөрөмжийг тусгай албадын хараанд өртөхгүйгээр олж авна гэдэг бол бараг л бүтэшгүй зүйл.
Дашрамд сонирхуулахад, террористуудын зүгээс физикч эрдэмтдийг айлган сүрдүүлж, эсвэл “мөнгөөр зодож” атомын бөмбөг хийлгэх боломжтой эсэхийг магадлахын тулд 1960-аад оны үед нэгэн туршилт хийжээ. Туршилтад цөмийн цэнэгт хошуу бүтээхэд оролцож байгаагүй, гэхдээ маш чадварлаг хэсэг физикчдийг дуудаж ирүүлээд цөмийн төхөөрөг хийх даалгавар өгчээ. Туршилт дуусахад эрдэмтэд атомын бөмбөгийн хэд хэдэн чухал эд ангийг хийсэн тухайгаа 55 хуудас тайландаа дурдсан байна. Тодруулбал, детонатор/тэслүүр/, “дэлбэрэлтийн линзүүд”, ураны нейтроны ойлгогч төхөөрөмж, плутонийн бүрхүүл, гинжин урвалын полоний-бериллийн өдөөгчийг зохион бүтээж чаджээ. Дээрх тайлангийн 40 хуудас материалыг өнөөг хүртэл нууцалдаг байна.
Эдгээр болон өөр бусад шалтгаанаар террористууд “гар аргаар, гэрийн нөхцөлд” эсвэл жижиг, дунд үйлдвэр нууцаар ажиллуулаад атомын бөмбөг хийж чадах эсэх нь тун эргэлзээтэй.
Төгсгөл. Энэ тухайд АНУ-ын Лос-Аламос дахь Үндэсний цөмийн лабораторийн захирал асан Харольд Огню маш сонин логиктой дүгнэлт хийсэн байдаг. “Атомын бөмбөг хийх нь хялбархан гэж бодож байгаа хүмүүс байгаа бол тэд эндүүрч байгаа хэрэг, харин энгийн болхи хийцтэй атомын бөмбөг хийх нь маш их хэцүү гэж бодож байгаа бол бүр ч том эндүүрэл”.
Б.Адъяахүү