Дөрөвдүгээр сард Бөхийн өргөөнд болох барилдааны тов гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-27 21:07:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос ирэх дөрөвдүгээр сард Бөхийн өргөөнд зохион байгуулах барилдаануудын товыг зарлажээ.


Улс, аймгийн цолтой бөхчүүд оролцсон хоёр, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн хоёр барилдааныг товложээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 7-ны ням гарагт “Ардчилсан намын ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд түрүүлсэн бөх тав, үзүүрлэсэн бөх 2,5, их шөвгийн бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөгийн бай шагналтай юм.


Дөрөвдүгээр сарын 14-ны ням гарагт “Сонгинохайрхан уулын хишиг барилдаан” болно. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх хүчээ сорино. Ийнхүү хоёр жил орчим завсарласан “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ыг зохион байгуулахаар болжээ.


Дөрөвдүгээр сарын 21-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, гавьяат дасгалжуулагч Очирын Цэрэндагвын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно. Харин дөрөвдүгээр сарын 28-нд Увс аймгийн Хяргас сумын харъяат, улсын начин Цогт-Очирын Баянмөнхийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.


Эдгээр барилдаанаас гадна сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, өсвөр үе, нийтийн монгол бөхийн барилдаанууд болох юм.

関連ニュース