Харү башёгийн эхний өдөр Хакүхо давж, Какүрюү уналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Осака хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башё эхэлж 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Хокүтофүжиг төвөггүйхэн давснаар эхний даваагаа авлаа.
Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Митакэүмитай учраа тааран өрсөлдөгчдөө ойчиж энэ башёг унаагаар эхлүүллээ. Озэки цолтнуудыг манлайлсан Такаясү энэ өдөр Кайсейг давсан бол Озэки Гойэдо 1-0 Эндог, Озэки Точиношин Дайшёог тус тус давлаа.
Өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Сэкиваке цолтой барилдаж байгаа бөгөөд өнөөдөр Нишигикиг давлаа. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард Сэкиваке цолтой барилдаж байв. Сэкиваке Такакейшёо Мёогирюүг төвөггүйхэн давж эхний даваагаа авлаа.
Манай бөхчүүдээс М-4 Ичиножёо А.Ичинноров Чиёотайрюүг давсан бол М-16 Дайшёохо Ч.Шижирбаяр Ютакаяамад унасан бол М-17 Чиёошома Г.Мөнхсайхан Шиманоумиг давсан юм.
Жүрёо зиндаанд барилдаж байгаа монгол бөхчүүд эхний өдрийн барилдаанд хэрхэн барилдсаныг танилцуулахад, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар унасан, Азүмарү С.Тодбилэг унасан, Миторюү Б.Төрболд давсан байна. Харин Араваши Э.Дөлгөөн унасан бол цолтой бөх болж барилдсан Кирибаяма Б.Лхагвасүрэн Жүрёод анхны даваагаа авлаа.