С.Батцэнгэл “Jeju International Ultramarathon-2019” хэт холын зайн марафонд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-10 17:14:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чэжү хотод өнөөдөр “Jeju International Ultramarathon-2019” хэт холын зайн марафон гүйлт болж, 100 км зайд уралдсан ОУХМ С.Батцэнгэл /Зэвсэгт хүчний 017 ангийн ахлагч/ 8:07.27 цагийн амжилтаар түрүүллээ.


Энэ жил 18 дахь удаагаа болж байгаа тус тэмцээн 50 км, 100 км, 200 км, уулын жимийн 80 км зайн төрлүүдээр өрсөлдлөө. Энэ өдрийн өглөөний 6 цагаас 19 орны 600 гаруй тамирчин гараанаас гарсан байна.


Цаг агаар хүйтэн, бороотой байсан ч Монголын баг тамирчдаас ийнхүү С.Батцэнгэл тэргүүн байр эзэлж Төрийн дууллаа эгшиглүүллээ.Энэ зайд 2014, 2015, 2018 онд Б.Доржпалам, Д.Бадамхатан, З.Нина нар түрүүлсэн амжилтыг давтлаа” гэж Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр Чэжүгээс мэдээллээ.


С.Өнөрбаяр тэмцээний үеэр, БНСУ-ын Ансан хотын хэт холын марафон гүйлтийн холбооны ерөнхийлөгч И Ёон Чольтой уулзаж, тамирчдаа хамтран бэлтгэх, клубын системийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар ярилцжээ. Ерөнхийлөгч И Ёон Чоль энэ оны зургадугаар сарын 28-нд Монголд айлчлахаар болов.

関連ニュース