МҮБХ-ны ээлжит “Их эе” түр хугацаагаар хойшлогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-19 13:33:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-ны ээлжит 5 дугаар Их эеийг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлосон байсан юм. Гэвч “Их эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн нэг ахлагч, дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу гадаад улс руу сувилалд явсан тул товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.


Ээлжит 5 дугаар “Их эе” хэсэг хугацаанд хойшилж байгаа тухай даваа гарагт дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар албан ёсоор мэдээлжээ. МҮБХ-ны удирдах албаны түвшинд гарсан маргааны улмаас Бөхийн өргөө 2018 оны дөрөвдүгээр сараас хойш удаа дараа хаагдаж, цагдаагийн хамгаалалтад байсан юм.


Өнгөрсөн сард маргалдагч талууд эвлэлдэн нэгдэж, Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хоёр талаас дахин ямар нэгэн үймээн, самуун гаргахгүй, Монгол Бөхийн Өргөө рүү дайрахгүй гэсэн албан хүсэлт Цагдаагийн байгууллагад гаргаснаар Монгол Бөхийн Өргөөг нээж, үйл ажиллагаа нь хэвийн горимд орсон. Уг ойлголцлын санамж бичигт талуудыг төлөөлөн дархан аварга Х. Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Гацуурт ХХК-ны захирал Л. Чинбат нар гарын үсэг зурж, улмаар хоёр тал нэгдэн МҮБХ-ны ээлжит 5 дугаар “Их эе”-ийг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулсан юм.


Энэ ажлын хэсэг нь хоёр талаас тэгш тооны төлөөлөл орсон, 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж, дотроо "Их эе”-д төлөөлөгч сонгох журам боловсруулах, МҮБХ-ны дүрмийн төсөл, тайлан бэлдэх" гэсэн 3 дэд хэсэг байгуулан идэвхтэй ажиллаж байна.  


Харин Их эеийн тов хойшилсон ч хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр Бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаярын удирдлагаар МҮБХ-ны хуучин ажлын алба хурал хуралдтал өдөр тутмын үүрэгт ажлууд болон бөхийн барилдаан, урлагийн тоглолт, бусад үйл ажиллагаагаа хуваарийн дагуу зохион байгуулахаар болжээ.


Ойрын өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнд аймгуудын золголт, шашин номын хурал, тоглолтууд хуваарийн дагуу болж байгаа бөгөөд шаргачин гахай жилийн эхний барилдаан ирэх сарын 1-нд Монгол Бөхийн Өргөөнд болохоор товлогджээ. 

関連ニュース