Д.Дорлигжав: Явцуу фракцууд төрийн бодлогыг тодорхойлж байгааг таслан зогсоох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-09 16:35:50

Ардчилсан намын бодлогын зөвлөл өнгөрөгч баасан гарагт хуралдах үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав намын дүрэмдээ өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн асуудлыг хөндсөн нь тус намын гишүүдийн дунд маргаан өрнүүлээд байгаа. Харин Д.Дорлигжав өнөөдөр өөрийн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-АН-ын фракцгүй нам болох ёстой гэсэн шаардлагыг та тавьсан. Яагаад энэ асуудлыг хөндөх болов?

-Бодлогын зөвлөлийн хурлаар ярьсан миний яриа санамсаргүйгээр нэлээд газар авч, хүмүүсийн хэлэлцүүлэгт орж, зарим хүмүүсийн дургүйцлыг хүргэсэн бололтой. Янз янзын хариу үйлдэл надад ирсэн учир би өнөөдөр албан ёсоор байр сууриа илэрхийлэхээр шийдсэн. Төрийн бодлого тогтворгүй, боловсон хүчин муу, шилж сонгож чаддаггүй, хариуцлага тооцож болдоггүй, цаашлаад эв нэгдэлгүй, төрийн ёсзүйг баримтлах чадваргүй гэдгээр намуудыг иргэд их шүүмжилдэг. Гэтэл яагаад ийм болов гэдгээ зөв олж харж, гол шалтгаанаа олох ёстой. Яаснаа олоогүй байж ийм, тийм хуулийг өөрчилнө гэж дайрдаг болж. Тэгэхээр үүний хамгийн гол шалтгаан нь намууд дотор байгаа хувийн, бүлгийн явцуу эрх ашиг сонирхолд автсан фракцуудаас болж байгаа юм. Үүнээс бүх зүйл үүдэлтэй. Энэ бол ганцхан АН-ын асуудал биш Монголын бүх нам ийм байгаа. Энэ бол Монголын төрийн томоохон доголдол болоод байна.  

-Франкцууд олон жилийн турш намуудад байсаар ирсэн. Гэтэл энэ фракц байснаараа төрд ямар хохирол учруулж байгаа юм бэ?

-Одоо мөрдөж байгаа Улс төрийн намуудын тухай хуульд бүлэг, фракцын тухай юу ч байхгүй. Гэтэл үнэн хэрэгтээ хуульд ч тусгагдаагүй, хуулиас гадуур гэж болох энэ бүтэц Монголын бодлогыг тодорхойлж байгаа бүх асуудлыг шийдэж байна. Наад зах нь амин ашиг сонирхлоо бодсон явцуу фракцууд боловсон хүчний томилгоо хийхдээ ч зөвхөн фракцаараа түрий барьж, мэдлэг боловсрол чадварыг нь харахгүйгээр хүмүүсийг албан тушаалд томилдог. Тэр хүнд нь хариуцлага ч тооцож болдоггүй. Алдаа гаргачихсан хүн байхад хүчтэй фракцын нөлөөнд байдгаараа хамгаалагдаж байна. Эсвэл нэг фракцын нөхөр албан тушаалд очихоороо нөгөө фракцынхаа хүмүүсийг халж солиод эхэлдэг. Үүний үр дүнд нэг намын хоёр нөхөр ч бие биетэйгээ эвлэрэхийн аргагүй зөрчил үүсч байна.

Тиймээс энэ бохир зүйлд одоо цэг тавьж, ужиграхаас нь өмнө зогсооё, Фракцалсан намаас Бодлогын нам болъё гэж би уриалж байгаа юм. Ингэхийн тулд Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа.

-АН-ын дүрэмд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа вэ?

-АН-ын Гүйцэтгэх зөвлөлд аймгуудын төлөөлөл болсон 20 гаруй хүн байдаг. Гэтэл эдгээрт бодлого төлөөлдөг төлөөлдөггүй, төрийн, төрийн биш гээд янз бүрийн хүмүүс тохиолдлын байдлаар ордог. Гүйцэтгэх зөвлөл бол бодлогын байгуулга байх ёстой. Ийм учраас Гүйцэтгэх зөвлөлд намын Бодлогын зөвлөлийн дарга нар, бодлого дээр ажилладаг хүмүүс, намын удирдлагууд орж, намын байр суурийг тодорхойлдог шийдвэр гаргадаг болмоор байна. Ингэж байж бид Бодлогын нам болно. Бодлогын зөвлөл хэлэлцүүлгээ нээлттэй хийж, шийдвэрээ нээлттэй гаргах ёстой. Ингэсэн тохиолдолд бүлэг фракцуудын явцуу сонирхлоос ангид байх боломжтой. Би энэ саналаа АН-д төдийгүй бусад намуудад ч явуулж байгаа.

Улс төрийн намын тухай хуульд оруулах өөрчлөлтийг Хууль зүйн яам санаачлан боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлнэ.

-Танай намын гишүүд дэмжигчид үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-З.Энхболд намын дарга болонгуутаа “Фракцгүй нам болъё” гэх уриалга гаргасныг бүгд дэмжсэн. Би итгэлтэй байна. АН-ын ҮЗХ-ны зарим гишүүдтэй албан бусаар уулзаж санал бодлоо солилцоход гишүүд энэ талаар л ярьж байсан. Нэг намын хоёр гишүүн нэг ажил дээр байтал энэ тэр фракцийн гээд нэгэнтэйгээ “хонь чоно” болдог. Энэ явсаар төрийн ажилд хүртэл нөлөөлж байна. Тиймээс нөхдүүд маань зориг гаргаад дэмжих байх. Механизмыг нь би хэлж өгсөн. Өмнө нь уриалгын чанартай явсан бол одоо үүнийг ажил хэрэг болгоно. Би энэ саналаасаа буцахгүй.

-Фракцуудын тохироогоор албан тушаалын хуваарилалт явагдаж байна гэлээ. Таны хувьд аль нэг фракцийн нөлөөгөөр албан тушаалд томилогдож байсан тохиолдол бий юү?

-Улс төрийн нам үүсгээд байгуулаад өдий хүртэл явахдаа би фракцалж бүлэглэж явсангүй. Нэг үе Хөгжлийн төлөөх “Алтангадас ассоциаци” гэх олон нийтийн байгууллага байгуулаад явж байсан. Тэр маань бүлэг фракц болж хувираад хувийн явцуу эрх ашигтай болоод ирсэн учраас би тэр үйл ажиллагаанд оролцохоо больсон юм. Надад фракцлагдсан сэтгэлгээ байхгүй. Аль нэг рүү нь би ордоггүй. Нам нэг л цөм байх ёстой. Бүгд миний найзууд. Бүгд нэг зорилгын төлөө явж байгаа.

-Намын дүрмийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжтой юу?

-Сонгуулийн өмнө намын ҮЗХ, Их хурал хуралдана. Түүнд бэлтгэж байгаад дүрэмдээ өөрчлөлт оруулаад цаашид ажиллаад явахад ямар ч асуудалгүй. Гэхдээ үүнийг далимдуулж өнөө маргаашгүй хурлаа хийе гэж үймүүлж болохгүй.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

関連ニュース