Химийн хорт болон аюултай бодисын ашиглалттай холбоотой 85 зөрчлийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-04 17:08:37

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  БОУАӨЯ-наас химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаа эрхлэгч 113 аж ахуйн нэгжийг хамруулсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүллээ.


Урьдчилсан шалгалтаар нийт 85 зөрчил, дутагдал илэрснээс 35 буюу 41 хувийг нь арилгуулжээ. Мөн 10 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага хүргүүлж, долоон аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгуулж, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан зургаа аж ахуйн нэгжийн зөрчлийг Экологийн Цагдаагийн албанд шилжүүлжээ.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын энэ оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/113 дугаартай тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын хүрээнд холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад цахим болон танхимын сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгөөд байна.


Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

 

関連ニュース