Өвөр Монголын зөвлөх профессор А.Мөнхөө эрүүл аж төрөх аргаасаа хуваалцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-23 14:23:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөр Монголын мэс заслын эмч, эрүүл мэндийн зөвлөх доктор, профессор А.Мөнхөө, “Сайн энергийн төв” төрийн бус байгууллагатай хамтран “Саруул  ухаанаар эрүүл биеийг бүтээе” лекц тавих гэж буй талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр 1995 оноос хойш өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай судалгаа хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй амьдрах арга ухааныг олон түмэнд түгээх ажлыг 20 гаруй жил хийжээ. Энэ удаа монголчуудад эрүүл биеийг хэрхэн бүтээх вэ гэдэгт мэдлэг,  мэдээлэл өгөх зорилгоор  лекц уншихаар болжээ. Торуулбал есдүгээр сарын 2-ны ням гарагийн 10 цагт “UB palace”-ийн концертын их танхимд эрүүл амьдрах арга ухаан, зөв хооллолт, сэтгэл зүйн энгийн мэдлэг, төрөлх чадвараа сэргээх зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх аж. Аливаа хүн эрүүл амьдрах арга ухаанд суралцан  өвчнөө эдгээж, эрүүл энх, аз жаргалтай амьдралыг цогцлоон бүтээж чадна гэдгийг доктор, профессор А.Мөнхөө өөрийн боловсруулсан цогц хичээлдээ бататгажээ.

Түүний бичсэн эрүүл мэндийн тухай бүтээл нь монгол бичгээр 14 удаа, крилл үсгээр гурван удаа хэвлэгдэж олны хүртээл болсон байна. Түүний “Эрүүл энхийн шинэ ертөнц” ном нь эдүгэ Орос, Хятад, Англи, Казах, Түвд, Уйгар хэлээр орчуулагдаж байгаа гэнэ. Түүнчлэн эрүүл амьдрах арга ухааны дүрс бичлэгийн 500 гаруй хичээл байгаа бөгөөд ёукү, теншүн, вийчат зэрэг цахим индэрт 200 гаруй хичээлээ үнэ төлбөргүй тавьжээ.

Монголын мэс заслын эмч эрүүл мэндийн зөвлөх доктор, профессор А.Мөнхөө хэлэхдээ, “Өвөр Монголын радио телевизийн урилгаар эрүүл мэндийн нэвтрүүлэгт 100 гаруй удаа оролцсон. “Монгол Улсад 2014 оноос хойш эрүүл мэндийн сургалт явуулж байна. Энэ удаагийн лекц анх удаа өргөн хүрээг хамарсан, олон сэдвийн дор өрнөнө. Ихэнх хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэг тун өнгөц байдаг. Тиймээс мэргэжлийн хүний тусламжтайгаар тусгай цогц хичээлээр эрүүл аж төрөх ёсны талаар бүрэн мэдээлэлтэй болговол хүн бүхэн эрүүл энх, урт удаан амьдарч чадна” гэв.
 
Д.Болор-Эрдэнэ
Related news