Олон нийтийн цагдаагийн орон тоог дахин нэмэх санал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 15:25:19

Орхон аймагт олон нийтийн цагдаа ажилласнаар танхайн гэмт хэрэг 8-15 хувиар буурчээ. Мөн олон нийтийн цагдаа нь эрх үүргээ хэтрүүлсэн гэх гомдол ирээгүй гэж Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах, ахлах байцаагч Н.Батнасан хэллээ.

Орхон аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сараас олон нийтийн цагдаа ажиллаж эхэлсэн. Нийт 25 цагдаа баг болгон дээр ажиллажээ. Ингэхдээ байнгын эргүүл хийж, өөрийгөө хянах чадваргүй 68 иргэнийг Эрүүл мэндийн байгууллагад хүргэж өгсөн байна. Мөн дөрвөн гэмт хэрэг, захиргааны зөрчилтэй 36 хэргийг илрүүлжээ. Энэ мэт хуулийг сахиулах үйл ажиллагаад олон нийтийн цагдаагийн үүрэг их байгаа тул ирэх онд орон тоог нь  дахин арваар нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Одоо ажиллаж байгаа 25 цагдаагийн хувцас хэрэглэл, цалин, тэтгэмжийг орон нутгаас гаргадаг. Харин арван цагдаа нэмж ажиллуулахад жилийн хугацаанд 60 сая төгрөг  шаардлагатай ажээ. Хэрэв орон нутгийн төсөв батлагдчихвал ирэх оноос ажиллуулна. Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтын гол шалгуур нь цэргийн алба хаасан, дээд боловсролтой, 20-оос дээш насны эрэгтэй байх ёстой гэнэ. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news